Эбола вирусний шинэ тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАМПАЛА. /CGTN/. Уганда улсад эбола вирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор уг халдвар Конгод дэгдсэнтэй адил бусад улс оронд тархаж болзошгүй байгаа тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ лхагва гарагт мэдэгджээ.
Тус байгууллагын мэдээлснээр, Конго гаралтай загасчин эмэгтэй Уганда улсын хил нэвтрэн Мпондве зах дээр загас борлуулахаар явж байхдаа гэнэт бөөлжиж нас барсан бөгөөд шинжилгээгээр эбола вирусээр халдварласан байсныг тогтоожээ.
Нас барсан эмэгтэйтэй холбоо тогтоосон байж магадгүй 19 загасны худалдаачин байгаа аж. Мөн сайн дурын вакцинжуулалтад 44 валют арилжаалагч хамрагдсан бол 590 загасны худалдаачныг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн тухай ДЭМБ-ын тайланд дурдсан байна.
Угандад өнгөрсөн сард эбола вирусний халдварын улмаас гурван хүн нас барсан юм. Харин Конго улсад өнгөрсөн жилээс хойш нийт халдвар авсан хүмүүсийн гуравны хоёр буюу 1676 хүн нас баржээ.