Дархад хурд наадмаар зургаан насны морьдоос гадна дан цагаан адууны уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-19 15:59:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээж хойч үедээ өвлүүлэх, өв соёлоороо бахархах, Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулах, үүнийг олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор гурван жилд нэг удаа болдог Дэлгэрхаан уулын тахилга, "Дархад хурд-6" наадам ирэх наймдугаар сарын 2-ноос 4-нд болно.

Наадмын үеэр зургаан насны морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, үндэсний сур харваа, ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам, өв соёлын үзэсгэлэн, худалдаа болно.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар дан Дархад цагаан морьдын уралдаан болох аж. Энэхүү уралдаан нь Монгол Улсад анх удаа дан цагаан адууны уралдаан гэдгээрээ онцлогтой.

Дархад цагаан адуу нь бие томтой, богино хүзүүтэй, хурд сайтай, хэвлий томтой, цээж өргөн, шулуун урт биетэй адууны зүс ихэнхдээ цайвар бүгээн учир нутагшлаар нь дархад цагаан адуу гэж эртнээс нэрлэж иржээ.

Дархад цагаан адуу нь ихэвчлэн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын нутагт нутагшиж уналга эдэлгээнд ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд ойт хээр, өндөр уулын бүсэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулж, орон нутагт үүлдэр болгон үржүүлэх судалгааны ажил хийж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ