А.Шинзо 2021 оноос өмнө ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-07-22 13:17:58

ТОКИО. /TASS/. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаагаа 2021 онд дуусахаас өмнө ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байна гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ.


“Албан тушаалаа хаших хугацаандаа найрамдлын гэрээ байгуулах яриа хэлэлцээг урагшлуулахыг хүсэж байна” гэж А.Шинзо өнгөрсөн ням гарагт болсон парламентын дээд танхимын сонгуулийн дараа телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Өмнө нь А.Шинзо, "Либерал ардчилсан намын даргын албыг үргэлжлүүлэн хашина хэмээн төлөвлөөгүй байна" гэж хэлж байсан хэдий ч тэрбээр Ерөнхий сайдын албанд улиран сонгогдож, уг албыг 2021 он хүртэл хашихаар болжээ. Японы эрх баригч намын дарга Ерөнхий сайдын албыг хашдаг билээ.


20 дугаар зууны дунд үеэс буюу дэлхийн II дайнаас хойш ОХУ, Япон найрамдлын гэрээний асуудлыг хэлэлцсээр ирсэн бөгөөд хоёр талын маргааны цөм нь Курилын арлуудыг эзэмших асуудал байсаар ирсэн юм. Дэлхийн II дайн дууссаны дараа Курилын арлууд ЗХУ-ын мэдэлд орсон хэдий ч Япон улс Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлыг эзэмшилдээ авахыг эрмэлзэж иржээ.


ЗХУ, Япон 1956 онд дайныг зогсоох хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, дипломат болон бусад харилцаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн ч өдийг хүртэл найрамдлын гэрээ байгуулаагүй байгаа юм. Уг баримт бичигт ЗХУ Шикотан, Хабомай арлыг Японд шилжүүлэн өгөхөд бэлэн буйгаа нотолсон байна. Энэхүү хамтарсан тунхаглалыг хоёр орны парламент 1956 оны 12 дугаар сарын 8-нд cоёрхон баталсан билээ.


2019 оны зургадугаар сарын 29-нд Осака хотноо зохион байгуулсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд А.Шинзотой хэлэлцээ хийсэн юм. Уулзалтын дараа А.Шинзо сэтгүүлчдэд мэдээлэхдээ, ОХУ-ын удирдагчид найрамдлын гэрээний яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, Курилын арлуудын эдийн засгийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ гэдгээ дахин нотолсон гэжээ. 

Холбоотой мэдээ