М.Помпео цагаачдын урсгал саарч буйг сайшаажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-22 14:15:21

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ыг зорих хууль бус цагаачдын урсгалыг сааруулахад гаргаж буй Мексикийн хүчин чармайлтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сайшаасан байна.


М.Помпео энэ талаар Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрардтай өнгөрсөн ням гарагт Мехико хотноо уулзах үеэрээ хэлжээ. “М.Помпео М.Эбрардад талархал илэрхийлсэн” гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.


“Мексик улс хууль бус цагаачлалын эсрэг дорвитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхгүй бол тус улсын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн юм. Үүний хариуд Мексикийн тал энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байна.


Ташрамд дурдахад, Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулах 45 хоногийн хугацааг АНУ-ын засаг захиргаа Мексикийн эрх баригчдад зургадугаар сарын 7-нд олгосон билээ. 

Холбоотой мэдээ