“Үнс нурам” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:14:40

Өмнөговь аймгийн Онцгой Байдлын Газар, Даланзадгад сумын ЗДТГ-тай хамтран “Үнс нурам” нэгдсэн арга хэмжээг Даланзадгад суманд зохион байгуулж байна.

Хаврын улиралд хуурайшилт ихтэй байдаг, ялангуяа говь нутагт хавар салхи шуурга элбэг тохиолддог учраас дээрх арга хэмжээг зохион байгуулахаар болсон аж. “Энэхүү “Үнс нурам” арга хэмжээний үеэр шат дараатай сургалтуудыг зохион байгуулж, цогтой үнс нурамнаас үүдэн гарах аюул, үнс хадгалалтын талаар заавар зөвлөгөө өглөө. Иргэдтэй хамгийн ойр байдаг төрийн анхан шатны нэгж болох багийн засаг дарга нарт мөн цахилгааны ямар зөрчлөөс болж гал түймэр гарч болох талаар сургалт явуулаад байна” гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахмад Батбилэг ярилаа.

Хүн амын төвлөрөл ихтэй суурин газруудад байдаг үнсээ ил задгай асгах, модон хашаанд тулгуулан үнс хадгалах зэрэг буруу зуршлууд нь гал түймэр гарах шалтгаан болдог байна. Дээрх нэгдсэн арга хэмжээний дагуу Даланзадгад сумын 8 багийн засаг дарга нар 4 дүгээр сарын 4-өөс нийт айл өрхүүдээрээ явж зөчилтэй айл өрхүүдэд шаардлага тавих юм.

2016 оны нэгдүгээр улиралд тус суманд 7 гал түймрийн тохиолдол гарчээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн  

Холбоотой мэдээ