Мустафа Шентоп: Турк улс Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-29 14:21:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд угтан авч, зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүнэдтгэл илэрхийлэв. 



УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан БНТУ-ын дарга Мустафа Шентоп  хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.


Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. 



Хэлэлцээрийн эхэнд, УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Мустафа Шентопийг урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу нийгэм, эдийн засгийн, аялал жуулчлалын, иргэний нисэхийн зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. 



Ноён Мустафа Шентоп халуун дотноор угтан авч буйд талархал илэрхийлж, хэдий хоёр орны дипомат харилцаа 50 жилийн настай ч, түүх соёлын холбоогоороо мянга мянган жилийн харилцаатай байсныг цохон тэмдэглэв. Тэрбээр, өвөг дээдсийн үлдээсэн өв соёлын ачаар хоёр улс ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирснийг дурдаад, аливаа саад бэрхшээлийг хамтран даван туулж, хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын хамтын ажиллагааны голлох салбар болох худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуучлал зэрэг салбарыг дэмжиж ажиллахыг хүслээ. Энэ хүрээнд хоёр талын парламентаас Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах зэрэг тодорхой төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаар тогтов.



УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улс Урал-Алтайн хэлний бүлэгт багтдаг бөгөөд энэ бүлэгт хамаардаг улсуудын парламентын хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж ажиллах санал дэвшүүлэв. Ноён Мустафа Шентоп дээрх саналыг дэмжиж, ойрын хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэй гэлээ. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн олон төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн суудлын тоог нэмэгдүүлж, 7 хоногийн 500 суудал нийлүүлэхээр байгааг 750-1000 хүргэх, агаарын харилцааны хамтын ажиллагааны бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 


БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп, хоёр орны худалдааны салбар чамлалттай байгааг дурдаж, эдийн засгийн салбарын харилцааг олон зуун сая ам.долларын эргэлтэд оруулан, бусад салбараа түүчээлдэг болгоход хоёр талын хүчин чармайлт хэрэгтэйг онцолсон. Мөн "Туркиш эйрлайнс" компанийн шууд нислэгийг өдөр бүр хуваарьтай болгож, зорчигчдийн тоог нэмэх УИХ-ын дарга Г.Занданшатартай ижил бодолтой байгаагаа дурдаад, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо тэмдэглэв. Ингэснээр, Турк улсаас хөрөнгө оруулагчид Монголын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулахад боломж нээгдэнэ гэлээ. Мөн Турк Улсын "НОУ-ХАУ" туршлагыг Монголд нутагшуулах, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих талаар санал солилцсон юм. 



Ноён Мустафа Шентоп, хоёр улсын их, дээд сургуулиудын харилцаа холбоо хурдацтай хөгжиж байгааг дурдаад, Монгол Улсын БСШУСЯ-тай хамтран монгол оюутныг Турк улсад  суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Мөн тэрээр, ТИКА Монгол Улсад 600 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлээд буйг онцлон тэмдэглэж, цаашид тус байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэв. 


Уулзалтын төгсгөлд талууд, БНТУ-ын "ФЕТО" террорист байгууллагын талаар мэдээлэл солилцов. Ноён Мустафа Шентоп, тус байгууллага Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлж буйг мэдэгдэж, Монгол Улсын холбогдох албаныхан энэ талаар мэдээлэлтэй байгаад олзуурхан, даруй арга хэмжээ авч, хоёр орны найрсаг харилцаанд сэв суулгахгүй байхад хичээж ажиллана гэлээ. 


Хоёр тал Монгол дахь Турк сургуулиудтай холбоотой зарим асуудал, Туркийн талаас авах хөнгөлөлттэй зээл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран оролцох зэрэг олон асуудлыг хөндөж ярилцлаа.


Хэлэлцээнд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоган, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн Бүлэнт Туран, Өзлэм Зэнгин, Мухаммед Лэвэнт Бүлбүл, Осман Ашкын Бак, Исмайл Тамер, Фатма Аксал, Эминэ Гүлизар Эмэжан, Аяхан Алтынташ нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.


Айлчлалын хүрээнд ноён Мустафа Шентоп Монгол Улс, БНТУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркны нээлтэд оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, ТИКА-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нээлтэд оролцох юм.

Холбоотой мэдээ