Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-31 12:59:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүлж байгаагаа өнөөдөр  мэдээллээ.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд байр сууриа нэмэрлэн, Зөвшилцлийн багт хамтран ажиллаж байна. УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт албан ёсоор байр сууриа хүргүүлээгүй байгаа юм. Тэгвэл тус зөвлөл АН-ын удирдлагуудтай өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзэж, зарчмын гурван санал бүхий мэдэгдэл гаргасан гэдгийг  УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдэв.


Тэрбээр, "УИХ дахь АН-ын зөвлөлийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэсэн зарчмын санал хэвээрээ байгааг баталж байна" хэмээгээд мэдэгдлээ уншиж танилцуулав.


Тус мэдэгдэлд “Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох, засгийн эрх ард түмний эрх мэдэлд байх парламентын засаглалыг баталгаажуулж, нийгмийн тогтолцоог үндсээр нь шинэчилсэн түүхэн ололт, амжилтад хүрч чадсан билээ. Ардчилсан Үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг Ардчилсан нам дэмжсэн хэвээр байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд:


Нэгдүгээрт, Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох,

Хоёрдугаарт, Төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах,

 

Хэрэв дээрх санал, санаачлагыг хүлээж авахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн олонхоор хүч түрж батлах оролдлого хийх аваас  бид зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй бөгөөд рд нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ. 

Холбоотой мэдээ