Д.Жигжиднямаа: УБТЗ 26 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаа бататгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-02 18:13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулсны түүхэн 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Корпорайт конвеншн” төвд боллоо.

Баярын хурал УБТЗ-ын түүхэн хөгжлийг харуулсан “Хөгжилд хөтөлсөн ган зам” баримтат киногоор эхэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан үг хэлэхдээ, “Тэртээ 70 жилийн өмнө, УБТЗ ХНН байгуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж, Улаанбаатар-Наушик хоорондох ган зам ашиглалтад орсноор манай төмөр замчдын хөгжлийн түүх эхэлсэн юм” хэмээн онцолсон юм.

УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа үг хэлэхдээ, “Манай төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байна. Өнгөрсөн онд манай төмөр замчид 25.8 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ оны эхний 7 сарын байдлаар 15 сая 280 мянган тонн ачаа тээвэрлээд байна. Транзит тээврийн хэмжээ өсөж, манай гол замаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэг 773-д болоод байгаа. Тодруулбал, ноднингийн бүтэн жилийн амжилтад ердөө хэдхэн хоногийн дараа хүрэх нь тодорхой болоод байна. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцох оролцоо улам бүр нэмэгдэж ирлээ. Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг барих онцгой албан даалгаврыг өнгөрсөн онд өгснийг манай төмөр замчид амжилттай гүйцэтгэж ашиглалтад өгөхөд бэлэн болгоод байна. Монгол Улсын хөгжилд онцгой ач холбогдолтой тус замыг чанарын өндөр үзүүлэлттэй тавьсан нь УБТЗ-ын инженер, техникийн ажилтнууд, төмөр замчдын мэдлэг, чадвар, хүч бололцоог харуулсан үйл явдал боллоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ-ыг татан оролцуулах болсон нь үүний тод жишээ юм. Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын хөгжилд 70 жил тэргүүлэх үүрэгтэй оролцож ирснээ өнөөдөр ч батлан харуулсаар байна” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.


Тэрээр, “Бид түүхт 70 жилийн ойгоо угтаж 2019 оныг “Хариуцлага-үр дүнгийн жил” байх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтынхоо үр дүнг оны эцэст дүгнэх болно. Хагас жилийнхээ ажлаа дүгнэж үзэхэд манай төмөр замчид төлөвлөгөөт зорилтоо биелүүлж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр сайн ажилласан нь харагдаж байна. Манай хөдөлгөөнчид тээвэр зохион байгуулалтын ажлыг зохион байгуулж, сүүлийн үед галт тэрэгний солилцоог сайжруулж байгаа нь төлөвлөгөөт зорилт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна. Тийм учраас үлдэж байгаа хугацаанд олсон ололтоо бататгаж, илүү их чармайж ажиллах хариуцлагатай үүрэг ногдож байна” гэсэн юм.


Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замчдад баярын мэндчилгээ дэвшүүлснийг баярын хурлын тайзан дээрх дэлгэцээр дамжуулан хүргэсэн юм. Баярын хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын хүндэт зочид оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм.

Б.Болд

Холбоотой мэдээ