Мөөгний өдөрлөг анх удаагаа болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-03 13:38:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг өнөөдөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болж байна..

Монголын мөөг судлаач, сонирхогчдын нийгэмлэгээс анх удаагаа зохион байгуулж буй өдөрлөгт байгалийн болон таримал мөөгний төрлүүдийг дэлгэн, иргэдэд мөөг тарих, хэрэглэж ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч буй юм. Мөн мөөгний үзэсгэлэн-худалдаа болж байна. Энд Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас ирсэн иргэн Х.Отгонхишигтэй уулзвал, “Өрхийн хэмжээнд мөөг тарьдаг. Улирлын чанартай тарьж ургуулдаг учир үр ховор байна. Таримал мөөг нь байгалиас түүсэн мөөгнөөс амт чанар, ач холбогдлоор дутдаггүй. Хүмүүс их авдаг” гэсэн юм.

Өдөрлөгийг зохион байгуулж буй ХААИС-ийн Биотехнологи-үржүүлгийн тэнхимийн профессор, багш Х.Алтанцэцэг, “Иргэд байгалиас түүж авчирсан болон үржүүлгээр тарьж ургуулсан мөөгөө арчлах, хэрэглэх талаар биднээс зөвлөгөө авч байна. Сүүлийн үед мөөгний үр ховор боллоо гэж байна. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан үр үржүүлж тарьж ургуулж байна. Жишээ нь, энд ирээд буй “Эгэл далбига” ХХК-ийнхан мөөгний үрийг лабораторид тарьж үржүүлж байна” гэв.

Тэрээр, “Манай улсад мөөгний судалгаа хангалтгүй байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд болсон Мөөг судлаач, сонирхогчдын зөвлөгөөнөөр судалгаа, үржүүлгийг сэргээж, өргөжүүлэхээр болсонд баяртай байгаа” гэв.


Монголын мөөг судлаач, сонирхогчид мөөгний талаар мэдээллийн “MUUG.mn” сайт нээснээ өнөөдөр мөн танилцууллаа. Цаашид мөөгний өдөрлөгийн жил бүр тогтмол хийж байхаа зохион байгуулагчид хэлж байв.

Мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 16.30 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.Болд

Холбоотой мэдээ