ОХУ-д суралцах оюутнуудад мэдээлэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-16 10:03:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д ОХУ-ын их, дээд сургуульд 2019-2020 онд шинээр элсэн суралцагчдад зориулсан “Бид Монголын бахархал” өдөрлөг өчигдөр боллоо.


ОХУ-д элсэн суралцахаар болсон залууст шинэ орчинд хэрхэн дасан зохицон, сэтгэл хангалуун амьдарч, амжилттай суралцах талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой тус өдөрлөгийг “Ле Мон” клуб, РЦНК хамтран гурав дахь жилдээ зохион байгуулав.


МУБИС-ийн багш, сэтгэл судлалын ухааны доктор Б.Энхмаа, “ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 500 оюутан  тус улсын их дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэдгээр оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан мэдээлэл солилцож, хамтран суралцах зорилгоор Москва хот болон ойр орчмын хотод суралцаж буй монгол залуус, монголыг сонирхон судалдаг залуусын дунд 2013 оноос олон талт ажил тасралтгүй өрнүүлсэн. Түүний нэг нь гурав дахь жилдээ зохион байгуулж буй шинээр элсэгчдэд мэдээлэл өгөх өдөрлөг юм. Жил бүр хамрах хүрээ нь өргөжиж байна. Төгсөөд эх орондоо амьдрах нь тодорхой учраас өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ямар боловсролтой, мэргэжилтэй, боловсон хүчин хэрэгцээтэй байгааг судлан шаардлагатай чадварыг эзэмшихэд энэхүү өдөрлөг дөхөм болно” хэмээв.


Өдөрлөгт ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгч А.Р.Базархандаев, Орос хэлний сургалтын төвийн захирал Д.В.Борисова нар оролцов. Мөн ОХУ дахь МЗХ-ны төлөөлөл “Ле Мон” клубын үүсгэн байгуулагчдын төлөөлөл МУБИС-ийн багш, сэтгэл зүйч /Ph.D/ Б.Энхмаа, багш А.Тэгшжаргал, Санкт-Петербург хотын оюутны холбооны тэргүүн Д.Лхагвадорж нар оролцож элсэгчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав.

Холбоотой мэдээ