Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-19 11:28:11

ЛОНДОН. /The Sunday Times/. Их Британи улс Европын Холбооноос хатуу нөхцөлтэйгээр буюу талуудын хамтын ажиллагааны цаашдын нөхцөлүүдийн талаарх гэрээгүйгээр гарвал тус улс хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, түлшний хомсдолд орох эрсдэлтэй тулгарч болзошгүй юм хэмээн “The Sunday Times” сонин мэдээлжээ.


Их Британийн Сайд нарын танхимын бэлтгэсэн тайланд гэрээгүйгээр “Brexit”-ийг хэрэгжүүлэх бэлэн байдалд бүрэн дүүрэн үнэлгээ өгчээ. Тус тайланд дурдсанаар Их Британийн нийгэм, бизнес эрхлэгчид гэрээгүйгээр Европын холбооноос гарах хувилбарын үр дагавартай эвлэрэхэд урьдын адил бэлэн биш байна гэжээ.  


"Энэхүү төсөл нь нийгмийг айлгах зорилго агуулаагүй бөгөөд гэрээгүйгээр “Brexit”-ийг хэрэгжүүлсэн тохиолдолд нийгэмд юу тулгарч болохыг харуулсан илүү бодит үнэлгээг харуулж байгаа юм” хэмээн тус сонинд тэмдэглэжээ.


"Ирландтай “хатуу хил хязгаар” тогтоож магадгүй байгаа нь эцсийн дүндээ замуудыг хааж эсэргүүцэл өрнөхөд хүргэж, улс хооронд шийдэмгий алхам хийх үйл явц руу шилжин ороход хүргэж болзошгүй юм. Хил дээр ачаа тээвэр саатах нь Лондон болон Их Британийн зүүн өмнөд хэсэгт түлшний нийлүүлэлтийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх нь гарцаагүй. Түүнчлэн гэрээгүйгээр “Brexit”-ийг хэрэгжүүлбэл хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал хөндөгдөх ба энэ нь үнийн өсөлтийг дагуулж, нийгмийн эмзэг давхаргад нөлөөлөх нь эргэлзээгүй. Мөн шатахууны импортын татварыг 0 хувиар тогтоох нь газрын тос боловсруулах хоёр үйлдвэрийг хаахад хүргэж, энэ нь 2 мянган ажлын байрыг алдах, олон нийтийн эсэргүүцлийг дагуулна гэсэн үг юм” хэмээн Засгийн газрын бэлтгэсэн тайланд дурдсан байна. 

Холбоотой мэдээ