“Сарлаг-Үндэсний нөөц баялаг” улсын зөвлөгөөн болж байна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-17 15:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ хамтран “Сарлаг-Үндэсний нөөц баялаг” улсын зөвлөгөөнийг Архангай аймгийн Эрдэнбулган суманд  зохион байгуулж байна.

Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн 876.6 мянган толгой сарлаг бий.


Өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд, бэлчээрийн маллагаанд гойд зохицон амьдарч, өсөн үржиж чаддаг, Монголын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөл бол сарлаг. Хад асга, цавчим ангал бүхий газрын бэлчээрийг илүү ашигладаг, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, өөр төрлийн мал хүрэх боломжгүй бэлчээрт дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлдэггүй нь Монгол сарлагийн давуу тал юм. Сарлагийн мах, сүү, хөөвөр, түүний боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гарах боломж өндөр гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Тухайлбал тослог өндөртэй \7,2-12\ сарлагийн сүүгээр сайн чанарын бяслаг үйлдвэрлэж экспортод гаргах боломжтой бол холестрин багатай махыг хатаасан хэлбэрээр  мөн ноолуурын хувь ихтэй хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад худалдаалах боломж, нөөц байгааг оролцогчид хэлж байна.


Тиймээс үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын сарлагийн ноос, хөөвөр, хялгасаар хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж сарлагийн сүү, мах, хөөвөр, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэхэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, оновчтой шийдэл гаргахад уг зөвлөгөөний зорилго чиглэж байна. Мөн зөвлөгөөнөөр  сарлагийн тархалтын хүрээг өргөтгөх, үржил, селекци, маллагааны арга технологийг оновчтой зохион байгуулах, төлөвлөх талаар хэлэлцэж байна.


Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй салбар яамны холбогдох албаны хүмүүс, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, МУСҮТ, ХААИС, МААЭШХ, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газар болон зарим сумдын мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, малчид, саальчид оролцож байна. Мөн Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Сарлаг нийгэмлэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Архангай аймгийн саальчдын холбоо, салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчдын төлөөлөл оролцож буй юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хэрэглэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэхэд салбарын яам анхаарлаа хандуулж байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцоллоо. Мөн Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Ноолуур, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган малын тоонд биш, чанарт анхаарч, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын түвшинд дэмжиж, генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэхэд анхаарч байгааг хэллээ.

Холбоотой мэдээ