ФАТФ-ын хар жагсаалтад орсон улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлэхдээ анхааралтай байхыг зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-21 11:27:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх /МУТСТ/ ажил нь хангалтгүй гэж үзэн БНАСАУ болон Иран улсыг хар жагсаалтад оруулснаа энэ 6 дугаар сард зарласан. Иймд эдгээр улсын хувь хүн, хуулийн этгээдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарал болгоомжтой хандах, өндөр эрсдэлтэй харилцагчдад зориулсан харилцагчийг таних нарийвчилсан механизм ашиглахыг тус байгууллагаас анхааруулж байна.  


БНАСАУ нь МУТСТ тогтолцоонд тулгараад буй томоохон асуудлуудаа шийдвэрлээгүй, олон улсын санхүүгийн системд учруулаад байгаа хор уршгаа арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа нь эрх бүхий байгууллагуудын санааг зовоосон хэвээр байна. Харин Иран улс хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг МУТСТ тогтолцоог сайжруулахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч ФАТФ-аас хангалтгүй гэж үзэн шаардлага хангатал хар жагсаалтад үлдээхээр болсон. 


Иймд дээрх хоёр орны иргэн, хуулийн этгээд, санхүүгийн байгууллагууд, тэдгээрийн нэрийн өмнөөс гүйлгээ хийхийг завдсан этгээдтэй санхүүгийн харилцаа үүсгэхэд онцгой анхаарал хандуулахыг ФАТФ-аас нийт улс орнуудад анхааруулж байна. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тус хоёр улсын холбогдох этгээдтэй санхүүгийн харилцаа үүсгэхгүй байх, үүсгэсэн тохиолдолд таслан зогсоох арга хэмжээг авахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ