Багш нарын боловсруулсан сургалтын цахим хэрэглэгдэхүүнийг туршин хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БСУГ-аас Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Суурь боловсролын сургалтын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд өнгөрсөн 2018 онд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 75 сургагч багш бэлтгэж, улмаар сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйг багш нарт сургалт хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажил зохион байгуулжээ.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын багш нарын дунд “Сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомжийн уралдаан” зарлаж, математик, физик, хими, газар зүй, дизайн технологи, монголын түүх гэсэн зургаан судлагдахуун хичээлийн цахим хэрэглэгдэхүүн шалгаруулсан аж. Тус сургалтын цахим хэрэглэгдэхүүн VCD\DVD-г туршин хэлэлцэх “Туршилтын хэлэлцүүлэг” Ховд аймгийн ерөнхий боловсролын Прогресс сургууль дээр өрнөж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго нь орон нутгийн багш нарын боловсруулсан сургалтын зургаан цахим хэрэглэгдэхүүний эхний хувилбартай танилцах, цаашид эцсийн байдлаар сайжруулан боловсруулах талаар зөвлөмж өгөх, төслийн үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байв.
Хэлэлцүүлэгт аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн сургалтын менежер, заах аргын нэгдлийн эрхлэгч, багш нарын төлөөлөл 50 хүн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
Өнгөрсөн 2012-2017 онд Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл холбооны технологийг оновчтой ашиглах нь” төслийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), Токиогийн Технологийн Сургууль хамтран БСШУСЯ-ны манлайлал дор хэрэгжүүлсэн байна. Таван жилийн хугацаанд хэрэгжсэн энэ төслийн хүрээнд сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомжийн уралдааныг улсын хэмжээнд зарлан дүгнэж, мэдээлэл холбооны сургалтад оновчтой ашиглах агуулга бүхий сургалт семинарыг бүсчилсэн байдлаар аймаг орон нутгийн түвшинд зохион байгуулжээ. Үүнээс гадна МУБИС-д видео студи байгуулжээ.
Мөн “Бага ангийн багшийн гарын авлага” болгон гурван ном, 30 цахим хичээлийг DVD хэлбэрт оруулан тус тус боловсруулан түгээжээ. Дээрх төслийн тайлангийн хурлаар үйл ажиллагааны үр дүнг бүрэн хангалттай гэж дүгнэсэн. Улмаар төслийг суурь боловсролын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал гэж албаныхан үзсэнээр ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны санхүүжилтээр хоёр дахь үе шат болох “Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл 2018-2022 онд хэрэгжиж байгаа нь энэ юм.
Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын багшийг ажлын байранд нь чадваржуулах, заах арга зүйг мэдээллийн харилцааны технологитой хослуулах замаар суурь боловсролын чанарыг сайжруулахад төслийн үйл ажиллагаа чиглэснээрээ бусад төслөөс ялгарах онцлогтой.
Мэдээллийн харилцааны технологийг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр багш нар дэвшилтэт технологийг сургалтад ашиглах, цаашлаад хичээлийн хүндрэлтэй сэдвийг хялбаршуулах, сонирхолтой байдлаар сурагчдад ойлгуулах боломж өргөжих юм.




