Ц.Өсөхжаргал: Байгаль орчин биднээс хор хөнөөлгүй технологи хэрэглэхийг шаардаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-26 18:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд боллоо.

Дээрх үзэсгэлэн нь манай оронд болж буй Озоны давхаргыг хамгаалах үйл ажиллагааны талаарх Азийн бүсийн орнуудын сэдэвчилсэн хуралдааны үеэр гарч буй онцлогтой. Хуралд Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Мальдив, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг улсын төлөөлөгчид оролцож байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат олон улсын дээрх хуралдааныг нээсэн юм. Тэрээр, Монгол Улс сүүлийн 20 жилд озон задалдаг бодисын хэрэглээг хянаж, энэ талаар ахицтай ажиллаж байна. Манай улс 2010 оны нэгдүгээр сард хлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бүр мөсөн хэрэглээнээс халсан. Түүнээс хойш гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг 2030 он гэхэд бүрмөсөн хэрэглээнээс халах зорилготой ажиллаж байна” гэдгийг онцолж байв.

Хуралдааны үеэр гарсан үзэсгэлэнд агаар мандалд хоргүй техник, технологи ашиглах талаар мэргэжилтнүүд зөвлөж, озоныг хамгаалах дэвшилтэт технологийг танилцуулж байв. Энэ талаар бид Монголын Хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны ерөнхийлөгч, үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг “Термотех” ХХК-ийн захирал Ц.Өсөхжаргалаас тодруулсан юм.


Тэрээр, “Өнөөдөр энд озоны давхаргад ихээхэн нөлөөлдөг халаалт болон хөргөлтийн систем, технологийг хэрэглэгчид болон тухайн техникийг импортлогч, худалдаж буй ААН-үүдийн төлөөлөл цуглараад байна. Хөргөлтийн тоног төхөөрөмж гэдэг зүгээр нэг телевизор авчраад залгаад ажилладаг бус, дотор нь бодис хийдэг, тэр нь байгаль орчинд хор хөнөөлгүй байх хэмжээ хязгаартай, байнга солигдож шинэчлэгдэж байдаг гээд нилээн нарийн үйл ажиллагаа шаарддаг. Үүнээс бид хоцорч болохгүй.

Хоцрох тусам бид агаар мандал, озоны давхарга, байгаль орчин, хүрээлсэн буй орчиндоо хор уршиг тарьж байна гэсэн үг. Тиймээс бидэнд байнга урагшилж, шинэ техник, технологи хэрэглэж ашиглах, хамгийн гол нь түүнд суралцах шаардлага тулгарч байна. Нэг ёсондоо бид өнөөдөр гадаадын сайн жийп машин оруулж ирээд уналаа гэхэд дотор нь байгаа бодисыг мэдэхгүйгээр хэрэглэж болохгүй болчихоод байна.


Үүнийг бид инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүдээрээ дамжуулан хэрэглэгч олон нийтийг сургаж таниулж байх нь агаар мандлыг хамгаалахад оруулах нэг хувь нэмэр юм. Байгаль орчин биднээс хор хөнөөлгүй технологи хэрэглэхийг шаардаж байна. Энэ үүднээс бид өнөөдрийн үзэсгэлэнг гаргаж буй бөгөөд энд тавигдсан тоног төхөөрөмжүүд амьдралд хараахан нэвтрээгүй, нэг ёсны ирээдүйд хэрэглэх техник технологи гэж нэг талаар хэлж болно” гэсэн юм. 



Үзэсгэлэнд дулааны насос буюу дулааны шахалт дээр үндэслэсэн хөргөх компрессор, автомашины шинэ төрлийн эйрконденшн зэрэг шинэ төрлийн, байгаль орчинд хоргүй бодис хэрэглэх халаалт, хөргөлтийн бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тавьсан байв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ