Үерт нэрвэгдсэн Эрхүү мужийн хүүхдүүд Монголд амраад буцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-27 19:03:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Энэ оны 6 дугаар сард ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас тус мужийн оршин суугчид их хэмжээний хохирол амссан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу Нижнеудинск болон Тулун хотын 42 хүүхэд “Найрамдал” ОУХ цогцолбор болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Сэлэнгэ” амралтын баазад сар гаруй хугацаанд амраад өнөөдөр буцлаа.

Орон гэр, сургууль, хот нь үерт автсан хүүхдүүдийг сэтгэл санаагаар дэмжих, зуны амралтаа таатай нөхцөлд өнгөрөөх боломж олгосонд талархаж байгаагаа багш нар нь илэрхийлж байв.


Тулун хотын багш Марина Ефременко: "Үерт автсан иргэдэд манай улсаас мөнгөн тусламж үзүүлэх ажил идэвхтэй өрнөж байгаа. Байдал харьцангуй тогтворжсон. Хүүхдүүд Монголд ирээд шинэ хичээлийн жил эхэлтэл тайван амарч авлаа. Хүүхдүүд амарч байх хугацаанд эцэг эхчүүд нь асуудлаа шийдвэрлэсэн байх. Энэ боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгч болон зохион байгуулагч байгууллагуудад талархал илэрхийлье" гэв.


"Манай байшин дээвэр хүртлээ усанд автсан. Байшиндаа амьдрах боломжгүй болсон учир аав ээжтэйгээ эмээгийндээ амьдарч байгаа. Монгол хүүхдүүд их нөхөрсөг, цоглог бас их сайхан сэтгэлтэй юм байна. Сэлэнгэ зуслан надад их таалагдсан. Би дахин ирж амарна гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид биднийг хүлээн авсанд баярлалаа гэж хэлье. Тэр их сайхан сэтгэлтэй хүн байх аа" хэмээн Тулун хотоос хүрэлцэн ирсэн Брыф Артем сэтгэгдлээ хуваалцлаа.


Эрхүү мужийн үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдийг гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа явагдах хугацаанд буюу долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл ОХУ-ын томоохон зуслангуудад амрааж байгаа юм. Үерт автсан оршин суугчдад монгол иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж буй хандив, тусламжийг Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс зохион байгуулжээ.



Холбоотой мэдээ