Төрийн албаны зөвлөл Дорнод аймагт сургалт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-08-28 17:50:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төрийн байгууллага, төрийн албан хаагчдад зөвлөн туслах, үйл ажиллагаатай нь танилцах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг “Санхүүжилт шаардахгүйгээр ажил сайжруулах боломж”, “Сэтгэлзүйн удирдлагын зарим асуудал”, “Төрийн албаны шинэчлэлт” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

Дорнод аймгийн төв болон Халх гол, Хэрлэн суманд болсон сургалтанд аймаг, сумын  ЗДТГ-ын болон Засаг даргын харьяа агентлаг, төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх зэрэг төрийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Халх гол суманд хэрэгжүүлж буй  “Шинэ сум” төслөөр шинэ орчинд ажиллах төрийн албан хаагчид шинэчлэлийг үлгэрлэж, хандлага, соёл, ажлын арга барил, ажлын бүтээмжээ өөрчлөхийг Төрийн албаны зөвлөлөөс  зөвлөмж өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, бүх талын дэмжлэгтэйгээр Халгол суманд шинээр барьж буй сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийн хэрэгжилтийн явцыг төслийн гүйцэтгэгч “Их Модун” компанийн захирал Б.Цогтсэргэлэн танилцуулав.  Маш богино хугацаанд, орчин үеийн  стандартын шаардлага хангасан, “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжиж байгаад иргэдийн сэтгэл хангалуун байна.



 Мөн  Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх хүрээнд,  Халх голын дайны үеийн авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах техникийн үзэсгэлэн гаргав. Монгол дайчдын хөшөөний өмнө “Мөнхийн гал”-ыг бадраах ёслолд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Нурсулев, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн албаны зөвлөл, аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ