А.В.Александровын нэрэмжит чуулга Монгол Улсын төрийн дууллаар тоглолтоо эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-29 12:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, уран сайхны удирдаач, хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Д.Сүхбаатарын талбайд болов.


А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улсын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлсэн нь монголчуудыг хүндэтгэсэн сайхан хэрэг байлаа. Дараа нь ОХУ-ын төрийн дуулал эгшиглэж, тоглолт нь улам эрч хүчтэй болж, талбайд цугларсан олны алга ташилт, уухайлсан дуугаар түрлэг нэмлээ. Оросын хамгийн алдартай дуу "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Хар нүдэн", "Катюша" дуу нь үзэгчдийн талархлыг хүлээв. Мөн эдгээр дуугаа чимсэн  "Дамнуургатай наймаачид", "Алив эргэ, уушийн газар луу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг бүжиг ч үзсэн хүний сэтгэлийг ихэд баясгаж байлаа.


Хүндэтгэлийн тоглолтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус чуулгын уран бүтээлчдэд талархал илэрхийлж үг хэллээ. Тэрбээр  “Монгол орны тусгаар тогтнол Монголын ард түмний амар амгалан, аюулгүй амьдрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, ялалт байгуулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг та бид хүндэтгэн дархалж, хойч үедээ бахархан мөнхжүүлэх учиртай. Түүхэн ялалтын ойг тэмдэглэх нь ялалт байгуулсан ард түмний бахархалт баяр төдийгүй хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд, хөрш орнууд хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан, харилцан ойлголцож, энх тайван, амар амгаланг бидэнд сануулж байдаг билээ. Халхын голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ойг өргөн хүрээнд зохион байгуулж, тусгаар тогтнолын үнэт зүйлийг иргэд олон нийт, залуу хойч үедээ сурталчлан таниулах олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ чуулгын тоглолт билээ. Шилдэг уран бүтээлүүдээрээ Монголын ард түмэнд бэлэг барьж буй ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын уран бүтээлчид, зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилж, тухлан саатахыг хүсье” гэв.


Тоглолт дуусахад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, уран сайхны удирдаач, хурандаа Геннадий Саченкюкэд дурсгалын зүйл гардуулсан.


Холбоотой мэдээ