Монгол хэлний хичээлээр улсын дунджаас доогуур байгаад дүгнэлт хийх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-29 16:14:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран багш нарын ээлжит бага хурлыг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байна.

Бага хуралд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүдээс 500 орчим багш, удирдах ажилтан оролцож байгаа ба 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэж, шинэ хичээлийн зорилтоо тодорхойлох юм.

"Төр засаг, орон нутгийн удирдлага боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн өнөөгийн эдийн засгийн боломж, цаашдын чиг хандлагад нийцүүлэн материаллаг орчныг сайжруулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн цагийн хөлсийг нэмэгдүүлэх, ачааллыг буруулах, ажиллах нөхцөлийг сайжруулах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлуудыг шат дараалан хэрэгжүүлж  байна.

Энэ жилийн ЭЕШ-аар манай аймгаас хоёр хүүхэд 800 оноо, 37 сурагч 700-гаас дээш оноо авсан амжилт үзүүллээ. Аймгийн ИТХ-аас баталсан журмын дагуу эдгээр хүүхдэд 9,5 сая төгрөгийн урамшуулал олгоод байна. ЭЕШ бол та бидний амжилтыг дүгнэх гол үзүүлэлт мөн. Шалгалтын дүнгээр манай аймаг физикийн хичээлээр 21 аймгаас дөрөвдүгээр байр, математик, орос хэлээр тавдугаар байрт байгаа. Харин нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологи, түүхийн хичээлээр өмнөх амжилтаасаа ухарч, улсын дунджаас 7-53 оноогоор, монгол хэлний хичээлээр 117,5 оноогоор доогуур байна. Монгол хэлний хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр гурван хөтөлбөр баталж, БСШУСЯ-наас ач холбогдол өгсний үндсэнд Дэлхийн банктай хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байгаад дүгнэлт хийж улам сайн ажиллах ёстой" гэдгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан бага хурлыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Багш нарын бага хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна.  

Холбоотой мэдээ