“Samsung”-ийн тэргүүний авлигын хэргийг дахин хянуулахаар буцаажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-29 16:27:59

CӨҮЛ. /Yonhap/. “Samsung” корпорацын тэргүүн Ли Жэ Ёны холбогдсон авлигын хэргийг БНСУ-ын Дээд шүүх доод шатны шүүхэд дахин хянуулахаар буцаажээ.


“Yonhap” агентлагийн мэдээлснээр, хэрэг явдал ингэж эргэсэн нь Японы зүгээс тавьсан өндөр технологийн материалын нийлүүлэлтийн хязгаарлалтад өртөөд байгаа “Samsung”-ийн хувьд шинэ цохилтод оруулж болзошгүй байна.  


БНСУ-ын Дээд шүүх 2018 оны хоёрдугаар сард Ли Же Ёнд оноосон тэнсэн харгалзах ялыг, мөн тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг огцроход хүргэсэн авлигын дуулиантай холбоотой хэд хэдэн хэргийг хэрэгсэхгүй болгосныг дахин хянан хэлэлцэхийг хүсжээ.


“Samsung” корпорацаас Ерөнхийлөгч асны найз бүсгүй Цой Сун Силийн охинд бэлэглэсэн 2.8 сая ам.долларын үнэтэй гурван морийг авлига гэж үзэж болно гэж шүүгч Ким Мён Су хэлснийг “Yonhap” агентлаг уламжилсан байна.


Өмнөд Солонгосын Дээд шүүх мөн эмнэлэгт хэвтэж байсан эцэг Ли Гын Хигээс нь өв залгамжлах үйл явцад эрх баригчид “Samsung”-т дэмжлэг үзүүлсний хариуд тус компаниас Цой Сун Силийн гэр бүлийн удирддаг спортын холбоонд 1.6 тэрбум воны /1.5 орчим сая ам.доллар/ хандив өгснийг авлига гэж үзжээ.


2017 онд Өмнөд Солонгосын шүүх Ли Жэ Ёныг тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хүрээллийн төлөөлөгчид авлига өгсөн хэргээр таван жилийн хорих ял оноосон боловч уг шийдвэрийг давж заалдсаны эцэст тэрбээр 2.5 жилийн тэнсэн харгалзах ял авсан юм.


 


Холбоотой мэдээ