Аймгийн Засаг дарга хүүхдийн спортын их наадамд оролцох тамирчдаа үдэн мордууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-02 10:18:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хүүхдийн спортын их наадамд аймгаа төлөөлөн оролцох өсвөрийн баг тамирчид, багш дасгалжуулагчдаа үдэн гаргаж, амжилт хүслээ. Тэрээр энэ үеэр аймгийн хүндэтгэлийн тугийг БТСГ-ын дарга У.Батмөнхөд гардуулан өгсөн юм.

Аймгийн дарга баг тамирчдад амжилт хүсэхийн ялдамд спортын төрөл тус бүрийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, өсвөрийн баг тамирчдаа дэмжиж урамшуулах үйл ажиллагааг аймгийн удирдлагын баг цаашид ч авч хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо. Сэлэнгэ аймаг 7 удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулж, өсвөрийн баг тамирчдаа урамшуулан дэмжиж байгаа спортыг дэмжигч аймаг гэдгээрээ онцлогтой. Тодруулбал шатар, бокс, жүдо, самбо, жиу-жицу, волейбол, даам, таеквондо гээд спортын олон төрөлд Сэлэнгэ аймгийн хүүхэд багачууд эх орон, нутаг усныхаа нэрийг тив, дэлхий, ази, улсын хэмжээнд гаргаж яваа юм.

Хүүхдийн спортын VI их наадамд Сэлэнгэ аймгаас 209 тамирчин, 20 дасгалжуулагчийн хамт спортын 18 төрөлд оролцох аж. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас тус наадамд оролцох баг тамирчдын унаа, хоол, байрны зардлыг шийдвэрлэсэн байна.

Хүүхдийн спортын VI их наадам ирэх 09 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо болох ажээ.    

 

Холбоотой мэдээ