Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-04 09:47:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын Россети ХК-ийн Ерөнхий захирал Павел Ливинский нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Хамтын ажиллагааны гол чиглэл нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж, Засгийн газрын бодлого, удирдамжийг хэрэгжүүлэн ажиллах юм.


Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдсан. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасны хувьд, бүс нутагт хэрэгжүүлэхийн төлөөх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо уг санаачилгын хүрээнд бодит төсөл хэрэгжүүлэх санал гаргаж, үүнийг бүс нутгийн удирдагч нар дэмжиж буйгаа илэрхийлсэн. 


Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем бий болгох судалгааг хийж дууссан бөгөөд энэ дагуу төслийн хөрөнгө оруулалт, хил дамнасан эрчим хүчний худалдаа хийх чиглэлд бодит алхам хийх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК бүс нутгийн үндэсний томоохон компаниудтай хамтран ажиллах бодлого баримтлалж байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын Россети ХК-ийн Ерөнхий захирал Павел Ливинский нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гол чиглэл нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж, Засгийн газрын бодлого, удирдамжийг хэрэгжүүлэн ажиллах юм


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд, цаашид БНХАУ, БНСУ болон Япон улсын компаниудтай энэ чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ