Улс төрийн хоригдлуудыг суллахыг БНАСАУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-04 14:56:33

СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хүний эрхийн зөрчил удаа дараа гаргасан хэмээн Пёньяныг буруутгаад, улс төрийн бүх хоригдлоо суллахыг БНАСАУ-д уриалжээ.


Ерөнхий Ассамблейн 74 дүгээр хуралдаанд өргөн барьсан тайлангийн талаар мэдэгдэх үеэрээ А.Гутерреш ийнхүү хэлжээ. Уг баримт бичигт өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны долдугаар сарын хугацаан дахь БНАСАУ-ын хүний эрхийн нөхцөл байдлын талаар тэмдэглэсэн байна.


Умард Хамгён мужийн Жонгори лагерьт саатуулагдаж байсан хүмүүсийн хэлснийг иш татан уг тайланд мэдээлснээр, 3000 гаруй хүн шоронд хоригдож байж магадгүй ажээ.


НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчдийг улс орон руугаа нэвтрүүлж, хяналт шалгалт хийхийг зөвшөөрөх зэргээр хүний эрхийн нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээ авахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга БНАСАУ-ын эрх баригчдад уриалсан байна. 

Холбоотой мэдээ