Дэлхийн 17 орны морьт харваачид Монголд ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-04 17:36:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хийморь” морьт харваа тэмцээнийг “Монголын морьт харваа”-ны холбооноос есдүгээр сарын 7-8-нд  4 төрлөөр зохион байгуулна.


Монгол морийг дэлхийд таниулан сурталчлах зорилготой уг тэмцээнд 17 орны 40 гаруй тамирчин оролцоно. “Монгол Ньюс” компанийн мэдээллийн төвд энэ талаар зохион байгуулагчид нь өнөөдөр /2019.09,04/ мэдээлэл хийлээ.


Уг тэмцээний санаачлагч “Монголын Морьт Харваа” холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Цогтхүү “Морьт харваа гэдэг бол монголчуудтай салшгүй холбоотой. Монголын өвөг дээдсийн дайчин уламжлалыг морь, нум сумгүйгээр төсөөлөх аргагүй. Энэ уламжлалыг монголчууддаа өвлүүлээд зогсохгүй олон улсын морьт харваа сонирхогчдыг нэг дээвэр дор цуглуулахаараа онцгой юм” гэлээ.


“Олон улсын морьт харваа” холбооны тэргүүлэх зөвлөлийн гишүүн, “Немети”-ийн нэрэмжит морин сургалтын академийн захирал Кристоф Немети  “Монголд анх удаа ирж байна. Энэ тэмцээнд оролцох гэж байгаадаа баяртай байна.


Морио хайрладаг, моринд гарамгай монголчуудыг их үнэлж байна. Цаашдаа Монгол Улс морьт харвааны төв болж хөгжих боломжтой. Европт морьт харвааны тэмцээнийг зохион байгуулах нэлээд туршлагатай. Энэ нь Монголын морин харвааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна" гэв.  

 

Холбоотой мэдээ