Ө.Энхтүвшин: Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-07 11:21:12
NandiaMontsame

Улаанцав /МОНЦАМЭ/. Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо”-ийн хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний форум ӨМӨЗО-ы Улаанцав хотноо боллоо.

 

Форумд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас БНХАУ-д сууга Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй 150 гаруй төлөөлөгч, Хятадын талаас ӨМӨЗО-ы Намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбин тэргүүтэй 350 орчим төлөөлөгч оролцлоо.

 

Түүнчлэн БНСУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан Ха Сун, ОХУ-ын Красноярск мужийн Хүнс хөдөө аж ахуй, худалдааны орлогч сайд Сергей Викторович, Японы Ёс зүйн хүрээлэнгийн тэргүүн Маруяма Тошияки зэрэг бусад улсын 250 орчим төлөөлөгч уг форумд оролцлоо.



 

2015, 2017 онд зохиогдсон Монгол Хятадын Экспо үр дүнтэй болж, Монголын олон аж ахуй эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд нэвтрэх шинэ боломж бололцоог нээсэн тул энэхүү экспог манай бизнес эрхлэгчид сайн мэддэг, оролцохоор урьдчилан төлөвлөдөг арга хэмжээ болсныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

 

Тэрбээр “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Манай улсын хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаа эдүүгээ иж бүрэн статегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт идэвхтэй хөгжиж байна. Монгол Хятадын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 60 гаруй хувийг бүрдүүлж байна. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 21 хувиар өссөн. Цаашид худалдааг улам нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Зүүн хойд Азийн орнууд эдийн засгийн хөгжлийн түвшин, санхүүгийн боломж, хөдөлмөрлөх хүчний нөөц боломж сайтай хэдий ч бүс нутгийн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны өнөөгийн байдал тэдгээрийн нөөц боломжоос доогуур байна. Үүний гол шалтгаан нь улс төр, аюулгүй байдал түүнчлэн бүс нутгийн орнуудын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм тогтворжоогүй байгаатай холбоотой. Тиймээс бүс нутгийн орнуудын өргөн төлөөлөл оролцсон энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулж, бүтээлч санал солилцох нь чухал ач холбогдолтой” хэмээв.



Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Тус салбарт манай нийт ажиллагсдын 53 хувь ажиллаж, ДНБ-ний 31 хувь, экспортын орлогын 10 хувийг бүрдүүлж байна.  




Холбоотой мэдээ