"Архигүй эрүүл Алтай" хөтөлбөрт 4000 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-11 12:30:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн "Архигүй эрүүл Алтай" хөтөлбөрт тус аймгийн 4000 гаруй иргэн хамрагджээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоны 1000 гаруй эрэгтэй, 1800 хүүхэд залуучууд, иргэд архины хор уршгийн талаарх сургалт сурталчилгаанд хамрагдсан байна.

Энэхүү амьдралын дэм, алсын хараатай хөтөлбөрийг тус аймгийн ЗДТГ, ЭМГ, Цагдаагийн газар Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдсан хүмүүсээс ес нь архинаас гарах амлалтыг сумынхаа иргэддээ өгсөн юм. Шарга сумын Б.Доржгарав, Жаргалан сумын О.Батбаяр нарыг нутгийнх нь иргэд, хүүхэд багачууд, эрүүл мэндийн төвийн хамт олон, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа гэсэн хамтарсан бүрэлдэхүүн бүтэн нэг жилийн хугацаанд хяналт тавьж  хяналт үнэлгээний явцын тайланг зохион байгуулагчдад хүргүүлсэн байна. 

Уг тайланг үндэслэн архи согтууруулах ундаа хэрэглэлгүй, үлгэр жишээ байсан Жаргалан сумын О.Батбаярт урамшуулал болгон 65 толгой ямаагаар малжуулах санхүүжилтыг гардуулан өглөө. Энэхүү арга хэмжээнд "Эрүүл Алтай" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч тус аймгийн ЭМГ-ын дарга Ц.Туяа, Жаргалын сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов. 

Холбоотой мэдээ