Өмнөговьд анх удаа 1000 хүүхэд бүжиглүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 10:37:54

Өмнөговь аймгийн төвийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хамт олон энэ хичээлийн жилдээ бүгд бүжигчин болох зорилт тавин ажиллажээ. Нутгийнхаа иргэдэд  энэхүү зорилтынхоо тайланг хүргэж 1000 хүүхэд бүжиглүүлэхээр ажиллаж байна.

“Манай сургууль дээр 37 жилийн түүхтэй “Ботгохон” чуулга үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн аймгийн хэмжээнд спорт бүжгийг хөгжүүлэх зорилготой “Шидэт бүжиг” клубыг сургууль дээрээ байраар ханган хамтран ажиллаж байна. Тиймээс энэ хоёрыгоо түшиглэн сургуулийнхаа сурагчдыг хөдөлгөөний эвсэлтэй болгож, гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэхээр сургуулиараа бүжигчин болохоор бид зорьсон” гэж тус сургуулийн захирал Оюунчулуун ярилаа.

Уг сургуулийн хамт олон хичээлийн жилийн эхнээс бүжгийн дугуйлангаас гадна ангиараа бүжиг сурах хөдөлгөөн өрнүүлсэн ажээ. 12 дугаар сард урлагийн их наадам сургууль дээрээ зохион байгуулахад сургуулийн нийт 2035 хүүхдийн 57 хувь нь маш сайн бүжиглэж байсан байна.

Энэ сарын 15-нд болох арга хэмжээгээр 1-3 дугаар ангийнхан “Өндөр дэлгүүр”, 4-6 дугаар ангийнхан “Ёохор”, ахлах ангийнхан уран сайхны гимнастиктай хосолсон орчин үеийн бүжиг гэх мэтээр 1000 хүүхэд бүжиглэх юм байна.

Үүнээс гадна тайлангийн үеэр урлагийн тоглолт, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж “Говийн ирээдүй” хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэж байгаагаа эцэг эхчүүд, иргэдэд хүргэх ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ