Дорнод аймгийн БОЭТ компьютер томографийн аппараттай болов

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-09-11 12:24:52

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг дахь БОЭТ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар компьютер томографийн аппараттай боллоо. Тус төв 2008 онд анх томограф аппараттай болж байсан ч 2015 онд эвдэрч, дахин зассан ч ашиглалтаас гараад байсан юм. 

Шинээр суурилуулсан аппарат нь Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлттэй, өдөрт 20 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах боломжтой юм. Уг аппаратыг БОЭТ-д хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагааны үеэр 17 иргэнд хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичгийг олгожээ. Тус аппарат ашиглалтад орсноор тус аймгийн ард иргэд нийслэлийг зорихгүйгээр аймагтаа иж бүрэн оношлуулах, цаашид олон хүний амь насыг цаг алдалгүй аврах боломж бүрдэж байна. 

Тус аймгийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тасралтгүй анхаарч ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгцээт 100 гаруй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, хүүхдийн чих хамар хоолойн кабинет шинээр байгуулсан төдийгүй тун удахгүй суурин рентген аппарат БОЭТ-д хүлээлгэн өгөх юм байна.

Холбоотой мэдээ