Монгол Улсыг чиглэсэн санхүүжилт ханш тогтвортой байх төсөөллийг бататгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-11 17:10:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголбанкнаас ээлжит бус хэвлэлийн бага хурал зарлаж, тус банкны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр болон зарим цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Монголбанк санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүргийнхээ хүрээнд уламжлалт арга хэрэгслүүдээс гадна “Монголбанкны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр 2017-2019”-ийг хэрэгжүүлж байгаа юм.


Энэ хүрээнд улсын эдийн засагт бодитой өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, 2016 оны эцсээр Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ гурван их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын эдийн засаг хасах нэг хувийн өсөлттэй буюу агшиж байсан. Харин өнөөдрийн байдлаар Төв банкны хуримтлагдсан алдагдлын хэмжээ хоёр дахин буурч, эдийн засаг 7-8 хувийн өсөлттэй байна. Түүнчлэн 2016 онд зээлийн дундаж хүү 20 хувь байсан бол 17 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа юм.


ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд Монгол Улсад 700 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирэх төсөөлөл байна.


Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: “Өнгөрсөн долоодугаар сард Дэлхийн Банкны захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад олгох 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан нь энэ оны дөрөвдүгээр улиралд орж ирэх хүлээлттэй байна. Түүнчлэн Японы ЖАЙКА-ийн 280 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны 300 гаруй сая ам.долларын санхүүжилт мөн яригдаж байна. Монгол Улсыг чиглэсэн санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, импортын хэмжээ буурч байгаагаас үзэхэд ханш тогтвортой байх төсөөлөл байна” гэв.  


Худалдааны дайнтай холбоотой дэлхийн томоохон төв банкууд валютын нөөцөөс татгалзаж алт нөөцөлж эхэлсэн. Манай улс мөн энэ жишгийг дагаж байгаа ч Ашигт малтмалын нөөц ашигласны татвар нэмэгдэж, олборлолт буурсантай холбоотой алт тушаалт буурч байна. Энэ нь гадаад валютын нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг алтны нөөц шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл учруулж байгаа юм.




Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Нөөцөөр хадгалж буй валютад эрсдэл үүсч болзошгүй учир дэлхийн томоохон төв банкууд сүүлийн үед алтны нөөцөө нэмэгдүүлж байна. ОХУ-ын Төв банк 100 тэрбум ам.доллартай тэнцэхүйц алтны нөөцтэй болсноо зарласан. ХБНГУ-ын Төв банк мөн нөөцийнхөө тодорхой хэсгийг алт болгож байна. Монголбанк мөн энэ жишгээр алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ тун өндөр өсөлттэй байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5 хувь байсан бол энэ оны эхнээс 5 хувь болж хоёр дахин нэмэгдсэн. Үүнтэй холбоотой алт тушаалт өмнөх онтой харьцуулбал 20 гаруй хувиар буурсан. Өнгөрсөн онд Монголбанк 22 тонн үнэт металл худалдаж авсан бол энэ онд 20 тонн хүрэх эсэх нь эргэлзээтэй байна” хэмээв.


Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин: “Он гарсаар алтны үнэ дэлхийн зах зээл дээр 16 орчим хувиар өссөн. Монголбанкны дотоодын зах зээл дээрээс худалдан авч буй алт гадаад валютын нөөцийг бүрдүүлэх гол эх үүсвэр болдог. Өнгөрсөн оны 22 тонн-ын худалдан авалт гадаад валютын нөөцийг 800 орчим сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 9.6 тонн үнэт металл худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 тооноор буурсан үзүүлэлт” гэв.



Монголбанк Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд олон улсын стандартад нийцсэн томоохон дата төв бүхий Үндэсний цахим гүйлгээний төв байгуулж байгаа бөгөөд шинэ барилга 2020 онд ашиглалтад орно. Тусгай зориулалт бүхий 16 давхар байгууламжийг барих компанийн сонгон шалгаруулалтыг хаалттай зарлажээ. Улмаар энэ төрлийн барилга барьсан туршлагатай зургаан компани 20-70 тэрбум төгрөгөөр барих үнийн санал ирүүлсэн байна. Барилгыг хамгийн хурдан хугацаанд чанартай барих боломжтой гэж үзэн "Хурд групп"-ыг сонгожээ.



Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг: “Тусгай зориулалт бүхий барилга барьж байсан туршлагатай 13 компаниас зургаад нь манай зүгээс санал тавьсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу уг барилгын ажлын гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд таван сар судалгаа хийж туршлагатай компанийг сонгож, гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн” хэмээв. 


Монголбанкны үйл ажиллагаанд тулгамдаж буй болон цаашид өөрчлөх, шинээр нэвтрүүлэх ажлуудыг тодорхойлон хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, дэвшилтэт технологи, хамтын ажиллагаа гэсэн стратегийн чухал ач холбогдолтой таван чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулж байгааг тус банкны удирдлагууд онцоллоо.


Хууль эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд 10 орчим хуулийг хөндөн ажиллахаар хөтөлбөрт тусгасан. Үүнээс “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”, “Төв банкны тухай хууль”, “Банкны тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-аар батлуулсан. Харин одоо Активын удирдлагын тогтолцоо, Эрдэнэсийн сангийн тухай, Векселийн тухай зэрэг таван хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ