Уран зургаар дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчилж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-12 10:59:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ёсү хотын Дүрслэх урлагийн музейд Баян-Өлгий аймгийн зураачдын бүтээлийн үзэсгэлэн гарч байна.

Энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд тус аймгийн Р.Нурдыхан, М.Болат, У.Бауыржан, Ж.Ризабек, С.Нургүл, Б.Бат-Ирээдүй нарын зургаан зураачийн орон нутгийн байгаль, үзэсгэлэнт газрууд, угсаатны зүй, өв уламжлалыг харуулсан 26 бүтээл тавигджээ.

"2018 онд БНСУ-ын Ёсү хотын Дүрслэх урлагийн музейн захирал, хатагтай Сео Бонг Хи, продюсер, зураглаач Сунг Жунх Ван нар ахалсан ажлын баг Баян-Өлгий аймагт ирж ажилласан. Энэ үер Ёсү хотын Дүрслэх урлагийн музей, Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр улсын уран зураачдын бүтээлүүдээс үзэсгэлэн гаргах, тэднийг урлаг судлаачдад сурталчлан таниулахаар тохиролцсон юм. Энэ шийдвэрийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард манай музейд албан ёсны урилга ирүүлсний дагуу тус үзэсгэлэнг гаргаж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд миний бие оролцоод ирлээ" гэж аймгийн Орон нутаг судлах музейн захирал А.Айшагүл хэллээ.

Дээрх үзэсгэлэн нь Баян-Өлгий аймгийн зураачдын хувьд БНСУ-д зохион байгуулсан анхы бүтээлийн үзэсгэлэн бөгөөд уран зургаар дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчилсан чухал үйл ажиллагаа болсныг тэрээр онцлов.

Ёсү хотын Дүрслэх урлагийн музейд болж байгаа Баян-Өлгий аймгийн зураачдын бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин 2020 онд болох тус аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор хоёр музей хамтран БНСУ-ын зураачдын бүтээлийн үзэсгэлэнг Өлгий хотод гаргах ажээ.  


Холбоотой мэдээ