“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-13 17:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-нд Дархан хотын "Хүүхэд залуусын театр"-т болох гэж байна. 

Уралдааны шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш, кино, театр урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Aндрес Вигорра Мир, Монгол Улсын залуу  найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллана. ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институтээс томилогдсон Олон улсын нэр хүндтэй шүүгчид хүрэлцэн ирж  Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литва, Киргиз Польш, Израил, ОХУ зэрэг улсын шилдэг жүжигчид оролцох наадам таван өдөр болно. 

2017 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институт албан ёсоор бүртгэж, Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд” жүжгээр, 2018 онд АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33” жүжгээрээ тус тус Гранпри шагналын эзэн болсон байна.

Энэ жил шилдэг найруулагчид олгох  шагналыг  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачилгаар байгуулсан “Баатар” сан гардуулах болжээ. Монголын Моно жүжгийн төвөөс нэг хүний жүжгийн фестивалийг 2015 оноос амжилттай зохион байгуулж байгаа юм. 

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний жүжгийн олон улсын фестивальд Румын улсын Василэч Театраас жүжигчин Силвиа Рэйлыну “Бүү дайсагна”, мөн румыны жүжигчин жүжигчин Слободин Марунович " Неогошийн сүүлчийн мөч" , БНСУ-аас жүжигчин: Хуй Ты Лий  “Аав” , Монгол Улсын Дархан хотын  "Залуучууд" театрын жүжигчин Чимэдцэеэгийн Дунгаамаа “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь”, ОХУ-ын Тува улсын Үндэсний хөгжим, драмын театрын жүжигчин  Айзана Чылбак-оол “ Хавар, зун, намар дахиад хавар” жүжгийн дүрүүдээр тус тус оролцох юм байна.

Холбоотой мэдээ