Автомашингүй өдөр 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-13 16:12:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 15-ны өдөр 07:00-18:00 цаг хүртэл Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоол, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намьяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжлэх юм.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн  өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар-Ботаник", Т:4 "Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэл зогсох болохыг иргэдэд анхаарууллаа.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газар мэдээлэв.


Холбоотой мэдээ