“Цэвэр агаар” өдөрлөгөөр иргэд цахилгаан машин, хийн халаалтыг их сонирхов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-14 18:38:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цэвэр агаар” өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгөөр ААН, компаниуд байгаль орчинд ээлтэй, халаалт болон дулаалгын дэвшилтэт техник, технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг үзүүлэв. Нэг ёсондоо хүйтний улирал наашилж буйтай холбоотойгоор гэр, байшин, орон сууцны дулаалгын материал, халаалт, дулааны шийдлүүдийг танилцууллаа.

Тухайлбал, “Номин моторс” компани цахилгаанаар ажилладаг ачааны жижиг машин угсарснаа шатахуун хэмнэх эко шүүлтүүрүүдийн хамт танилцуулж байв. “Гранд бай, "Хос цамхаг", “Эйр Эко” ХХК-иуд халаалтын системүүд, “Монгол базальт” дулаалгын, чулуун хөвөн материалуудаа, “Атмор” компани усны системийн төхөөрөмжүүд, “Ногоон шуурга” ХХК хэмнэлттэй зуух, “Тот Ком сервис” компани шалны халаалт, “Монватт” ХХК дулаан хуримтлуулан халаах төхөөрөмжөө танилцуулж байв.

Энд “Газком” ХХК газан плитка, халаалтын бойлер, цахилгаан үүсгэврээ танилцууллаа. 80-480 м квд талбайг халаах хүчинтэй эдгээр төхөөрөмжүүд нь бүгд газаар ажилладаг, цахилгааныг 30 хувиар хэмнэдэг байна. Тус компани хийгээр ажилладаг бүх тоног төхөөрөмжөө Японы “Rinnia брэндийн компаниас оруулж ирдэг, сайн чанар, удаан хугацааны эдэлгээ, хэрэглээний баталгаатай аж. Газан хийн халаалтын төхөөрөмжүүдээ сургууль, цэцэрлэгт суурилуулж байна. Ингэснээр удахгүй Монголын анхны газан хийн халаалттай сургууль, цэцэрлэгүүдтэй болгохоор ажиллаж байгааг тус компанийн менежер танилцууллаа. 








Энд “Глобас моторс” ХХК цахилгаан автомашиныг цэнэглэгч жижиг оврын станцаа тавьсан нь олон хүний анхаарлыг татаж байв. Уг станцаас цахилгаан машин 2500 төгрөгөөр бүрэн цэнэглээд 100 км явдаг байна. Ийм цахилгаан цэнэглэгч станцыг нийслэлд одоогоор Төрийн ордны зүүн талд болон 4-р хороолол, Нарны зам дахь “Тоёота”-гийн засвар-үйлчилгээний төв зэрэг дөрвөн газар байрлуулаад байгааг “Глобас моторс”-ын менежер мэдээлж байв.

Өдөрлөгт БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Home Gas” компани хийгээр ажилладаг газан плитка болон халаалтын төхөөрөмжөө танилцуулав. Ахуйн чиглэлээр болон халаалтын зориулалтаар ашигладаг уг төхөөрөмж хэрэглээг 4-5 дахин хэмнэдэг, удаан хэрэглэдгээр онцлогтойг тус компанийн гүйцэтгэх захирал Н.Алтанцоож танилцуулав. Тус компанийн дэргэд мөн хийг явуулаар цэнэглэж, түгээдэг “Mongolian Gas” компани байгуулагдан ажиллаж байна.


Өдөрлөгөөр Төрийн банк, ХААН, ХАС зэрэг банкуудын асар гарч, иргэд, ААН-үүдэд халаалт, дулаалгын тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр үйлчиллээ. Энд халаалтын тоног төхөөрөмжүүдийг 1.5 хувийн хүүтэй зээлээр олгож байв. Мөн өдөрлөгт “Тавантолгой түлш” ХХК оролцож, иргэдэд сайжруулсан шахмал түлшээ түлж үзүүлэн түгээлттэй холбоотой мэдээллийг өгч байв. Мөн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас хэрэглэгч иргэдэд цахилгаан хэмнэх, зохистой, хяналттай хэрэглэх заавар, зөвлөгөө өгч байлаа.




Өдөрлөгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нээж хэлэхдээ “Энэ жилээс үйлдвэрлэн нийлүүлж буй сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон борлуулалтын урамшууллын төсвийг богино хугацаанд зохицуулан шийдвэрлэж, түлш нөөцлөх, түгээх, бэлтгэл ажлын хүрээнд таван агуулах барьж, иргэдэд мэдээлэл өгөх мэдээллийн төв ажиллуулж байгаа”-г дуулгав.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өдөрлөгт оролцож, энэ өдөрлөгөөр дамжуулан иргэдийг сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, галлагаа, хадгалалт зэрэг хэрэгтэй бүх мэдээллээ нэг дороос авч агаар орчны бохирдлыг бууруулахын төлөө хамтдаа ажиллахыг уриалсан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ