"Сайн санааны үйлс" өдөрлөг болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-18 10:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб  /ЭДК/Улаанбаатарт суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн  газруудтай хамтран “Улаанбаатар” зочид буудалд уламжлалт “Сайн санааны үйлс “өдөрлөгөө энэ сарын 14-нд зохион байгуулав. 


2001 оноос хойш жил бүр зохиож буй тус өдөрлөгийн нээлтэд ЭДК-ын тэргүүн С.Онон, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий Каур Гурмит нар оролцов. Тэд хэлсэн үгэндээ, ЭДК-ээс өнгөрсөн хугацаанд эмзэг бүлгийнхэнд зориулан хэрэгжүүлж буй төслүүдийн ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид сайн санааны үйлс улам дэлгэрэх ерөөл дэвшүүлэв.


Сайн санааны үйлст зориулсан тус өдөрлөгт  Вьетнам, Казахстан, Лаос, ОХУ,  БНХАУ, Энэтхэг, Япон болон Европын Холбооны ЭСЯ-д идэвхтэй оролцож өөрийн орны соёл урлаг, зан заншилаа танилцуулж, үндэсний хоолны дээжээсээ олон нийтэд сонирхуулав. 


Мөн ЭДК-ын сайн санааны үйлсийг дэмжиж, тус өдөрлөгт Гоёл кашмер, Инару ХХК, Силк роуд мэжик, АВС эко, Санширо, Эмэгтэй энтерпренерүүдийн хоршоо зэрэг дотоодын аж ахуйн нэгж оролцож, малын гаралтай түүхий эд ашиглан бүтээсэн органик гоо сайханы, арьс шир, эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ дэлгэж, сурталчлав.

Холбоотой мэдээ