Хулгайн гэмт хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:47:28

Өмнөговь аймагт 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар хулгайн гэмт хэргийн 22 тохиолдол Цагдаагийн газарт бүртгэгдэн, хэрэг илрүүлэлт 64,7 хувьтай байна. Өнгөрсөн жилийн мөн үед хулгайн гэмт хэрэг 11 тохиолдол гарч байсан бөгөөд энэ онд өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүн дотроо малын хулгайн гэмт хэрэг 4 тохиолдол байгаа бөгөөд өнгөрсөн жилийн энэ үед мөн адил 4 тохиолдол бүртгэгдсэн байжээ.

Өмнөговь аймагт малын хулгайн гэмт хэрэг харьцангуй гайгүй байдаг гэж албаны хүмүүс хэлж байгаа юм. Харин дээрх хулгайн гэмт хэргүүдийнх ихэнх нь бусдын эд зүйлийг хулгайлсан хэрэг байгаа аж. Мөн Монгол тэмээ 999 арга хэмжээний үеэр Улаанбаатар хотоос халаасны хулгайн бүлэглэлүүд ирж хэрэг үйлдсэн нь ийнхүү хулгайн хэргийн тохиолдлыг өсгөсөн байна. “Тухайн арга хэмжээний үеэр ямар гэмт хэрэг ихэвчлэн тохиолдож болох талаар урьдчилсан судалгаа хийхэд халаасны хулгай гарах магадлал өндөр байсан учраас Улаанбаатар хотоос халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албан хаагчдыг ирүүлсэн юм. Тухайн арга хэмжээний үеэр хоёр бүлэглэлийг илрүүлэн буцаасан ч мэдэгдээгүй үлдсэн нэг бүлэглэлийнхэн иргэдэд нэлээн хэмжээний хохирол учруулсан. Бүлэглэл бүр өөрсдийн машин тэрэгтэй явдаг юм билээ. Бид халаасны хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийг өгсөн ч иргэд хайхрамжгүй байснаас энэ хэрэг их гарсан гэж хэлж болно. Эд зүйлээ алдсан хэдий ч бүтэн хоногийн дараа цагдаад мэдэгдэх зэргээр хугацаа алдсан хайхрамжгүй байдал гарч байсан” гэж ОНХ ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Төмөрмөнх ярилаа.

Энэ үеэр хөөрөг, камер, утас зэрэг нэлээн үнэтэй зүйлс хулгайд алдагдсан ч цагдаагийн ажилтанууд шуурхай ажилласны үр дүнд илрүүлсэн ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ