Халдлагад Иран холбоотой гэх нотолгоог танилцуулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-18 13:58:09

КАИР. /TASS/. Газрын тосны байгууламжуудад үйлдсэн халдлагад Иран холбоотой гэх нотолгоог танилцуулахаа Саудын Арабын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ тухай “Al Arabiya” телевиз мэдээлсэн байна.  


"Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийж, тэр үеэр “Saudi Aramco” компанийн байгууламжуудад үйлдсэн террорист халдлагад Иран холбоотой гэх нотолгоог танилцуулах болно. Үүнээс үүдэн цэргийнхэн халдлагад Ираны зэвсэг ашиглагдсаныг харуулах бодолтой байна” хэмээн албан ёсны мэдээнд дурджээ.


Саудын Арабын үндэсний газрын тосны компанийн үйлдвэрт энэ сарын 14-ний шөнө 10 дроноор халдлага үйлдсэн хэрэг гарсан юм. Абкаик хотын ойролцоох дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах цогцолбороос гадна Хурайс дүүрэг дэх Саудын Арабын хоёр дахь том газрын тосны орд газарт тооцогддог газрын тос боловсруулах үйлдвэр халдлагад өртжээ. Халдлагын улмаас 13 байгууламжид гал гарсан байна.


Халдлага үйлдсэний хариуцлагыг Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний босогч хуситууд өөртөө хүлээжээ. Энэ халдлагад дэмжлэг үзүүлсэн хэмээн Саудын Арабын эрх баригчид Ираны эрх баригчдыг хэд хэдэн удаа буруутгасан юм. 

Холбоотой мэдээ