Б.Гарамгайбаатар: Шаардлага тавьсан хүнийг "огцор" гэж буй нь МАН-ынхны увиагүй үйлдэл

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-08 19:10:28

УИХ дахь МАН-ын бүлгээс АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзах тухай шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдэгдэл хийв. 

АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлэг хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулан, гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн нь шууд харагдаж байна.Шаардлагын далд агуулга нь УИХ-ын дарга Тавантолгойг авч үлдсэнийг буруушаасан мэт байна. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн оноо цуглуулах гэж, төрийн тогтворгүй байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг МАН-ын бүлгээс шаардаж байна” гэж мэдэгдсэн.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Шаардлагыг нь уншихад ямар ч авцалдаагүй, үндэслэлгүй байна. Зарим зүйлд нь тайлбар өгөх нь зүйтэй гэж бодож байна. Энэ УИХ 2012 оноос хойш дөрөв дэх жилдээ ажиллаж, З.Энхболд 4 жил даргалж байна. УИХ-ын даргыг сонгох гэж байсан тэр үед МАН-ынхан хуралд орохгүй, өөрсдийн намын хурлыг хийгээд, УИХ-ыг бүрэлдүүлэх үйл ажиллгагааг зориудаар тасалдуулж байсан. Тийм учраас УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргын сонгуульт ажлыг албан ёсоор хийсэн. Хэрвээ үүнийг хууль бус гэж үзэж байсан бол өмнө нь ҮХЦ-д ч юмуу бусад байгууллагад нэг ч удаа хандаагүй байгаа юм. Сонгууль дөхсөн, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах шахсан энэ үед ийм асуудал тавьж байгаа нь өөрөө ямар ч авцалдаагүй, утгагүй асуудал хэмээн үзэж байна" гэсэн юм. 

Мөн тэрбээр "УИХ-ын дарга УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу олонх, цөөнхтэй харьцаж байгаа. Түүнээс биш, өөрийн үзэмжээр олонх, цөөнхийг ялгаж, гадуурхсан ямар ч асуудал байхгүй. Үг хэлэх эрхийг нь хаах, санаатайгаар тасалдуулах гэсэн зүйл огт болоогүй. Үндсэндээ, УИХ-ын гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудлаар л асуулт асууж, хариулт авах журамтай. Хаа хамаагүй зүйлийг хамж яриад байдаг гишүүд зөндөө байдаг. Тэр асуудлуудыг голдрилд нь оруулж зөв чигтэй удирдах гэсний төлөө ингэж үгүйсгэж болохгүй. Зарчмын шаардлага тавьсан хүнийг “огцор” гэж шаардаж байгаа нь МАН-ынхны увайгүй үйлдэл гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. 
Үүнээс гадна УИХ-ын дарга ээлжит бус УИХ-ын чуулган зарлан хуралдуулах эрхтэй. УИХ-ын дарга захирамж гаргасан бол УИХ-ын гишүүд бүгд танхимд хүрэлцэн ирэх үүрэгтэй. Эрхээ эдлээд үүргээ ухамсарлахгүй байж болохгүй. Үүргээ биелүүлчихээд УИХ-ын даргын захирамжийн дагуу гарсан асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Ийм үйл ажиллагааг зориудаар таслан зогсоочихоод одоо үүнийгээ УИХ-ын дарга руу чиглүүлж байгаа нь зүйд нийцэхгүй. Энэ мэт утгагүй, ямар ч баримтгүйгээр УИХ-ын даргыг огцруулах бичиг өргөн барьсан нь зүгээр л улстөр хийж буй нь харагдаж байна. Ингэж өргөх бичиг барьсны зоргоор УИХ-ын дарга огцрохгүй. АН нам өөрийн дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос ардын намын заавраар асуудал шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэсэн юм. 

Үүний дараа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, жагсаалтын квотоос хасч, тойрогт мандат нэмэх асуудал ярьж байгаа. Үүнд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? 

-Сонгуулиас 6  сарын өмнө хууль өөрчлөгдөхгүй гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга удаа дараа хэлсэн. Жагсаалтаас 4 мандат нийслэл рүү шилжүүлэх төслийг нэг гишүүн бэлтгээд байгаа юм. Гэхдээ үүнд УИХ-ын дарга “Энэ бол нэг гишүүний өргөн барьдаг төсөл биш. УИХ-д суудал бүхий бүх нам, эвслийн бүгдийнх нь хамтын бүтээл болгон өргөн барьвал хэлэлцэж болох юм” гэж хариулсан байгаа.  

Н.Гантуяа

  

Холбоотой мэдээ