Аймгийн нутаг дэвсгэрт 4,9 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-19 16:41:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 7800 гаруй малчин өрхтэй. Мөн 14 мянга гаруй малчинтай. Үүний 34,9 хувийг  18-37 насны залуу малчин эзэлж байна. Аймгийн нутаг дэвсгэрт 4,9 сая толгой мал өвөлжих судалгаа гарчээ.

Тиймээс малчдад хөдөө аж ахуй, малын эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэх, харилцан туршлага судлах боломж бүрдүүлэх зорилгоор “Өвлийг өнтэй давъя” сэдэвт малчдын зөвлөгөөнийг сумдад тусгай хуваарийн дагуу зохион байгуулж байна. 

Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогтын ажлын алба болон Ховд аймгийн  ИТХ, ЗДТГ,  ХХҮГ  хамтран ажиллаж буй.

Тус зөвлөгөөнийг одоогийн байдлаар Манхан, Буянт, Мөст суманд зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн. Мөн малчин иргэдэд хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ үзүүлж, цагаан идээ, арьс шир, суран эдлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулжээ.

Энэ үеэр Буянт, Мөст сумын долоон иргэнийг Малжуулах хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэсэн гэж албаны эх сурвалж  мэдээллээ. Тус зөвлөгөөнийг үргэлжлүүлэн Алтай, Булган, Үенч суманд зохион байгуулаж аж.  

Холбоотой мэдээ