Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн тэргүүлэх компаниудаар зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-24 11:26:30
@s_munkhbaatar

Бангалор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзлаа.


Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Тата пауэр солар" компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг байна. Улсынхаа 13 мужид 2.7 гигаватт  хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, 100 гаруй байгууллагын эрчим хүчний хэрэгцээг хангадаг аж.



Монгол Улсын Ерөнхийлөгч “Тата Пауэр Солар” компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачилга болоод энэ санаачилгад тус компани ямар оролцоо, хамтын ажиллагаатай байж болох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 онд байгуулагдсан Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй зөвлөгөө, мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний, 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компанид зочилж, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.



Энэ компани анх 250 ам.долларын үндсэн хөрөнгөтэй байсан бол 2019 оны байдлаар 11.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж өргөжин тэлжээ.


Өдгөө дэлхий даяар хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол залуусыг дэлхийн томоохон компанид ажиллах ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх асуудлаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ