Зэрэг сумын түүх, өв соёлыг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-25 09:48:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын “Сум сурталчлах өдөр” үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон угсаатны өв соёлыг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлсэн бөгөөд “Олон үндэстэн ястны өв соёл” аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн  хүрээнд сумдын “Соёлын өдөр-сум сурталчлах өдөрлөг”-ийг тусгай хуваарийн дагуу зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан  Зэрэг сумын ИТХ,  ЗДТГ-аас  “Сум сурталчлах өдөр” үйл ажиллагааг хийж байна.  

Улсын тэргүүний Зэрэг сум нийт 3200 гаруй хүн амтай. Үүний 90 гаруй хувийг захчин угсаатан эзэлж байна. Тиймээс аймгийн төв талбайд гэр барьж захчин  угсаатны ёс заншил, өв соёл, сум орон нутгийн онцлог, түүхийг  иргэд, олон нийтэд  сурталчиллаа.

Мөн  тус сумын  таван баг  болон 11 байгууллагаас  үйл ажиллагааны чиглэл, явцыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авав.

Үүнээс гадна сумын  хувиараа  хөдөлмөр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд цагаан идээ, эсгий, сур, гар урлал зэрэг 10 орчим  нэр төрлийн бүтээгдэхүүний  үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Сум сурталчлах өдрөөр дамжуулан нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох, харилцан туршлага судлах боломж бүрдсэн. Улмаар иргэдийн санал, санаачилгыг сум орон нутгийг хөгжүүлэх бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх  давуу талтай гэж албаныхан хэллээ. 

Энэ үеэр  Хөшөөт хөгжил сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэрэг сумын Эрүүл мэндийн төвд пургон машин олгов.

Мөн алслагдсан бүс нутгийн иргэдэд хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор  Зэрэг, Дарви сумын дөрвөн багийн эмчид мотоцикл  хүлээлгэн өгөв.

“Сум сурталчлах өдөр” үйл ажиллагаа “Алтан тээлийн аялгуут намар” урлагийн тоглолтоор үргэлжилж, Зэрэг сумын 60 гаруй соёлын өв тээгч, ардын авьяастан оролцов. 

Ховд аймгийн Зэрэг сум 1924 оны хавар Хөх толгойн Зэлийн булагт “Хундага” сум нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар Пүрэвийн Дагва ажиллаж байжээ.

1926-1940 он хүртэл “Зэрэг Алтантээл” гэсэн нэртэй байгаад 1940 оноос “Зэрэг сум” хэмээн нэрийдэх болсон. 

Тус сум нь далайн түвшнээс дээш 1050 м өргөгдсөн. Уул нуруу, говь тал хосолсон нутаг юм. Улаанбаатар хотоос 1284 км, Ховд аймгийн төвөөс 141 км зайтай оршдог. 

Нутгийн шүтээн Баатархайрхан уулын ноён оргил Цаст хайрхан нь далайн түвшнээс дээш 4010 м өндөр аж.   

Холбоотой мэдээ