Дуучин С.Бат-Эрдэнэ Олон улсын дуурийн уралдаанд гуравдугаар байр эзэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ Казахстан улсын Алма-Аты хотноо болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ.
Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд дэлхийн шилдэг 60 гаруй дуучин авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Дуучин С.Бат-Эрдэнэ 2018 онд зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаанд тэргүүн байрын шагнал хүртэж байв. Мөн 2016 онд “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дуугаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 10 сая төгрөгийн шагналын эзэн болсон манай өсөж яваа залуу дуучны нэг юм.