Александра Панзарелли: Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрснөөр Венесуэлийн ардчилал нурсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-30 14:06:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрх мэдэл нэг хүний гарт хэт төвлөрч, экспортын голлох бүтээгдэхүүний үнэ унасан нь Венесуэлийн улс төр, эдийн засгийг тогтворгүйжүүлэх гол шалтгаан болсныг профессор Александра Панзарелли МУИС-ийн Номын санд өнөөдөр болсон "Венесуэлийн ардчилал яагаад нурав?" сэдэвт лекцийнхээ үеэр онцлов.


"Боловсрол төвтэй улс төр" ТББ-аас зохион байгуулсан уг лекцийг НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл нээж хэлэхдээ, Венесуэл Улсын инфляци хоёр сая хувийг давсан энэ үед тус улсын ардчилсан хүчин хоорондоо учраа олохгүй байгаа нь харамсалтай хэмээсэн юм.


1959 онд Венесуэлд ардчилал бий болж, 1970-аад он хүртэл тус улс олон улсад нээлттэй, хүн бүр тэгш эрхтэй улс байсан. Гэвч төрийн эрх барьж байсан хоёр хүчний үйл ажиллагаа суларч, эрх мэдэл нэг хүний гарт төвлөрснөөр ардчилал мөхөж эхэлсэн гэж Венесуэлийн нийгэм улс төр, хүний эрхийн профессор Александра Панзарелли онцлов.


Тэрбээр “1999 онд Үндсэн хуулиа шинээр баталснаар, Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес бүх эрх мэдлийг гартаа авч, улсыг ганцаараа удирдах болсон. Нэг хүний гарт эрх мэдэл хэт төвлөрснөөр гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа доголдож ардчилал нурах хамгийн том шалтгаан болсон. Уго Чавес одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог өөрийнхөө залгамж халаа болгосон нь нэг ёсондоо тоталитар дэглэмийг тогтоосон. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар манай эдийн засагт хүндрэл учирч ард иргэд улсаасаа дүрвөж эхэлсэн. Одоо Венесуэл улс нь улс төр, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа. Экс Ерөнхийлөгч Уго Чавесын үед газрын тосны экспортоос орж ирэх хөрөнгө харьцангуй их байсан учир хялбар аргаар засаглалаа явуулж байсан. Харин Николас Мадуро эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа улсыг удирдаж байна. Улс төр, сөрөг хүчний баривчилгаа газар авч, цэргийн хүчээр дарангуйлж байгаа учир манай улсад хүний эрх ихээр зөрчигдөж байна” хэмээв.


Венесуэл улсын гадаад өрийн дийлэнх нь ОХУ болон БНХАУ-д эргэн төлөх өр эзэлдгээс гадна тус улсын газрын тос олборлодог ихэнх талбай дээрх хоёр улсын мэдэлд байдаг. Энэ нь Венесуэл улсын тусгаар тогтнолд эрсдэл учруулж байгааг профессор Александра Панзарелли хэлж байсан юм.


.  

Холбоотой мэдээ