Багш нар баяр тэмдэглэх мөнгөө эмчилгээний зардалд хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-04 23:16:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Заид сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид "Багш нарын баяр"-ын цайллага хийхээр цуглуулсан мөнгөө иргэн Б.Хыргауылын эмчилгээний зардалд хандивлажээ.

"Манай сургуулийн багш нар баяр тэмдэглэхээр цуглуулсан 1 сая 280 мянган төгрөгөө Турк Улсад хагалгаанд орох шаардлага үүсээд байгаа иргэнд гардуулж өглөө. Бид өөрсдөө баярлаж наадахаас илүү ядарч яваа нэгэндээ сэтгэлийн дэм өгөхийг илүүд үзсэн. Энэхүү хандивын аянд бусад сургууль, албан байгууллагыг ч нэгдэхийг уриалж байна" гэж сургуулийн захирал З.Жолаушыбай хэллээ.

Иргэн Б.Хыргауыл нь төрөлхийн нуруу нугасны муруйлт гэсэн оноштой аж. Нас ахих тусам уг өвчин нь дотор эрхтэн, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж улмаар алхаж явахад хүндрэлтэй болжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл эмчилгээний арга зам хайж Солонгос, Энэтхэг Улсын эмнэлгүүдэд хандаад үр дүнд хүрээгүй байна. Харин Турк Улсын Мемориал эмнэлгээс сээр нурууны мэс засал хийх боломжтой гэсэн хариу авсан байна.

Эмчилгээний зардал нь 21 мянган ам.доллар бөгөөд хагас өнчин, амьдралын боломж тааруу Б.Хыргауылд туслахын тулд аймгийн ард иргэд хандивын аян өрнүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ