Нэгдсэн эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-09 16:28:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал БНСУ-ын Янжу хотын “Манай эмнэлэг”-ийн Ерөнхий захирал Жон Ен Ильтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хоёр тал хамтын ажиллагаагаа эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа маш том хөрөнгө оруулалтын ажлаар эхлүүллээ.

Тодруулбал, Янжу хотын “Манай эмнэлэг”-ээс 600 сая вон буюу 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий Томограф аппарат/сити төхөөрөмж/-ыг Баянхонгор аймагт нийлүүлэхээр болсон байна. Тус эмнэлэг томограф аппаратыг нэг жилийн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулж өгөх бөгөөд түүнийг ажиллуулах мэргэжилтнийг өөрийн эмнэлэг дээрээ мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж өгөхөөр болжээ.

Тус ажлын хүрээнд "Манай эмнэлэг"-ийн захирал, тоног төхөөрөмжийн инженерийн хамт аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн үеэр Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсонд талархал илэрхийлсэн юм.

Томограф аппараттай болсноор үйлчлүүлэгчийн өвчнийг эрт оношлох, эмчлэх, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, чанартай үзүүлэх, эрдэнэт хүний амь насыг аврах, ард иргэдийн цаг хугацаа болоод хөрөнгө санхүүг хэмнэх, иргэдийг гуравдугаар шатлал руу явуулах урсгал цөөрөх зэрэг олон давуу талтай. 

Ташрамд, Баянхонгор аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн нэлээд хувь нь харвалт, осол гэмтэл байдаг байна. Энэ өвчний үед иргэд эмчилгээ, оношилгоо хийлгэхээр Улаанбаатар хот руу явах шаардлагатай тулгардаг нь иргэдийн хувьд цаг хугацаа алдах, өвчин хүндрэх эрсдэлийг дагуулдаг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Холбоотой мэдээ