Энэ жил 67.7 сая толгой мал өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-10-09 13:05:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 8-р сарын сүүлийн байдлаар тэмээ 541.5 мянга, адуу 4.5, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 сая, нийт 84.2 сая мал бэлчээрлэж байна.

Аймаг, орон нутгаас ирүүлсэн дээрх тоон мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж үзэхэд бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг мах бэлтгэлд хэрэглэснээр энэ жил 67.7 сая толгой мал  өвөлжих төлөвтэй байна.

ХХААХҮЯ-ны мэдээгээр бэлчээрийн даацын хувьд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 шахам хувьд хэтэрч байгаа дүн гарчээ.


Энэ жил зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ. Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнхи нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн. Эдгээр аймагт нийт өвөлжих малын 32 хувь нь ногдож байгаад  анхаарч яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаад байна.     

Холбоотой мэдээ