"Хар алт"-аа дотооддоо боловсруулж, хараат байдлаа халах өдөр ойртож байна

Монголын мэдээ | Тойм
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-11 13:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үе үеийн Засгийн газрын зорилго байсан ч ажил хэрэг болгож чадахгүй явсан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өдгөө амжилттай урагшилж байна. Хэдхэн хоногийн өмнө 120 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг манай улс өөрийн хөрөнгө, хөдөлмөрөөр барьж байгуулах үүргээ биелүүллээ. Ингэхдээ дотоодын ажиллах хүчээ дайчлан гурав дахин бага өртгөөр дэд бүтцээ шийдсэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан онцлон тэмдэглэв. Үйлдвэр барих санхүүжилтийг БНЭУ-ын Засгийн газар хуваарийн дагуу олгож байна. Өөрөөр хэлбэл энэ төсөл ажил хэрэг болох хамгийн таатай нөхцөл энэ цаг үед бүрджээ. Гагцхүү төр засаг солигдсон ч Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл битгий зогсоосой.


Литр шатахууны үнийг 1000 төгрөгт барих боломжтой


Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбосон 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор үйлдвэрийн талбай руу техник, тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэж барилгын ажлыг эхлүүлэх боломж бүрдэж байна. 


1.2 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн байгуулах урьдчилсан тооцоотой энэхүү үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилгын ажил 2020 оны хавар эхэлнэ. Харин газрын тос боловсруулах үйл ажиллагааны байгууламжуудыг 2021 оноос барьж эхлэх аж. Ингээд түргэн шуурхай, тогтвортой ажиллаж чадвал 2023 оноос Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, манай улсын үйлдвэрлэл 30 хувиар, ДНБ 10 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Түүнээс гадна улсын төсөвт жил бүр 150 сая ам.доллар төвлөрүүлж, долларын ханш 20 гаруй хувь, валютын гадагшлах урсгал 20-30 хувиар буурч, 600 гаруй ажлын байр бий болно гэсэн олон эерэг өөрчлөлт хүлээгдэж байна. Хамгийн чухал нь дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болбол нэг литр шатахууны үнэ 1000 төгрөг орчим, хэрэв төрөөс дэмжлэг үзүүлбэл энэ үнэ 800 төгрөг ч болж буурах боломжтой аж. Улмаар үйлдвэрийн хүчин чадал 2 сая тонн болоход литр шатахууны үнэ 800 төгрөгөөс ч буух боломж бүрдэх юм байна.


Манай улсын шатахууны хэрэглээ оргил үедээ жилд 1.8 сая тоннд хүрч нэмэгддэг бөгөөд үүнд жилд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Үүнээс эдийн засгийн суурь болсон уул уурхай, хөдөө аж ахуйн салбар нийт шатахууны хэрэглээний 60-70 хувийг ашигладаг. Уул уурхайн салбар зогсонги байдалд орсон үед хэрэглээ 1.2 сая тонн болж буурдаг статистик тоо бий.  Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 400 мянган тонн А-95 бензин, 600 мянган тонн дизель түлш, 40 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн мазут түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хамгийн багадаа 70-80 хувь хангана гэж үзэж байгаа юм.




Түүхий эдийг олборлолтын өртгөөр нийлүүлэх үү, зах зээлийн өртгөөр нийлүүлэх үү?


Манай улсад газрын тосны нөөцийн хэтийн төлөв бүхий 33 талбай байна. Үүнээс Дорнод аймгийн нутагт оршдог Тамсаг XXI, Тосон уул XIX, Дорноговь аймгийн Зүүнбаян XIV гэсэн гурван талбайгаас жилдээ нэг сая тонн орчим газрын тос олборлож БНХАУ руу экспортлож байна. Эдгээр талбайн геологийн баталгаат нөөц 332 сая тонн, харин олборлох боломжит нөөц 43 сая тонн. Энэ нь нийт нөөцийнхөө 15 хувийг л олборлох боломжтой гэсэн үг юм. Ер нь дэлхийд газрын тосоо 100 хувь олборлодог улс бараг байхгүй. Учир нь нөөцийн хэдэн хувийг олборлож болох вэ гэдэг нь газрын давхаргын энергиэс шалтгаалдаг аж. Давхаргын энерги хэдий чинээ их байна төдий чинээ их газрын тос олборлох боломжтой. Жишээлбэл, манай хойд хөршийн зарим газрын тосны ордоос геологийн нөөцийн 80 хүртэлх хувийг олборлож болдог байна. 


2015-2039 онд дээрх гурван ордоос жил бүр 1.5-1.6 сая тонн газрын тос олборлох төлөвлөгөөтэй байгаа юм. Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор, манай улсад олборлож буй түүхий газрын тосыг 100 хувь боловсруулах үйлдвэрт нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ зах зээлийн үнээр нийлүүлэх үү, олборлолтын өртгөөр нийлүүлэх үү гэдэг асуудал бий. Хятадын тал өөрийн хувийг зах зээлийн үнээр нийлүүлэх нь ойлгомжтой. 


2032 онд дуусах Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай улсад олборлож буй нийт газрын тосны 25-30 хувь ногддог. Засгийн газар өөрт ногдсон түүхий тосоо олборлолтын өртгөөр нь худалдаж авах боломж бүрдүүлж чадах юм бол үйлдвэрийн эдийн засагт томоохон дэмжлэг болно гэж “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг онцолсон юм. Учир нь, үйлдвэрийн нийт зардлын 85 хувийг түүхий эдийн өртөг, үйл ажиллагаа болон бусад зардал ердөө 15 хувийг эзэлдэг байна. 


Газрын тос дамжуулах хоолой бус төмөр зам барих нь ашигтай гэж үзжээ


“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн түүхий эдийг Тосон уул XIX, Тамсаг XXI гэх хоёр талбайгаас нийлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс Тосон уул XIX талбай боловсруулах үйлдвэрээс 550км, Тамсаг XXI 640 км-ийн зайд байх учир хамгийн ойр Тосон Уул XIX-д газрын тос цуглуулах цэг байгуулж, үйлдвэр хүртэл дамжуулах хоолой барихаар төлөвлөж байсан юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар дамжуулах хоолой барихын оронд төмөр зам барих нь Зүүн бүсэд төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой сонголт гэж үзэж байгаа аж. Уг нь газрын тосыг олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэл дамжуулах хоолойгоор тээвэрлэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх ч дамжуулах хоолой барих өртөг 350 сая ам.доллар. Тамсаг XXI-аас Сайншанд хүртэл төмөр зам барихад мөн үйлдвэр барих хэмжээний хөрөнгө санхүүжилт шаардлагатай болно. Гэхдээ Засгийн газрын байр суурийг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж байгаа бөгөөд дамжуулах хоолойгоор тээвэрлэх, төмөр замаар тээвэрлэх хоёр чанарын ялгаагүй гэдгийг онцолсон юм.



Ашиглалтын нөөцийг бүрдүүлэх хайгуулыг эрчимжүүлэх шаардлагатай


Манай улсын газрын тосны ашиглалтын баталгаат нөөц 43 сая тонн байснаас 8 сая тонныг олборлож экспортолсон. Одоо 35 сая тонн газрын тосны баталгаат нөөц байгаа бөгөөд энэ нь боловсруулах үйлдвэр ажиллахад хангалтгүй юм. Тиймдээ ч олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар ажиллаж буй. Харин дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж илүү бүтээгдэхүүнээ экспортлохыг зорих бол газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, олборлолтоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.


Энэ хүрээнд манай геологичид идэвхтэй хайгуул хийж одоогоор гурван талбайд газрын тос илрүүлээд байна. Тодруулбал Дорнод аймгийн Галба XI, Хөхнуур XVIII, Матад XX зэрэг талбайд хэд хэдэн цооног өрөмдсөн нь тостой байжээ. Галба XI талбайд туршилтаар 1500 тонн газрын тос олборлож 2018 онд БНХАУ-д экспортолсон байна. Харин Хөхнуур XVIII талбайгаас ойролцоогоор 35 тонн газрын тос олборлосон ч одоогоор үйл ажиллагаа нь зогссон аж. Харьцангуй идэвхтэй ажиллаж байгаа Матад XX-д энэ жил төлөвлөгөөний дагуу гурван цооног өрөмдөхөөс хоёрыг өрөмджээ. Өрөмдсөн хоёр цооногийн нэг нь тостой байна гэсэн хайгуулын анхан шатны дүгнэлт гарсан байна.


Долоо дахь жилээс 1.75 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлт хийнэ


БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчлахдаа манай дэд бүтцийн хөгжилд зориулж нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. 2016 онд манай улс энэхүү зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад 1.2 тэрбум ам.долларын өртгөөр үйлдвэр барих тооцоо гарсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн есдүгээр сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг 236 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон. Үүнийг өнгөрсөн лхагва гарагт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНЭУ-ын Эксим банкны Ерөнхий менежер Сри Сараож Күнтиа нар нэмэлт санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.


БНЭУ-ын манайд олгож буй 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл нь санхүүжилт эхэлснээс хойш долоо дахь жилээс 1.75 хувийн хүүтэй эргэн төлөлт хийх нөхцөлтэй. Харин үйлдвэр эхний 8-10 жилд зардлаа нөхнө гэсэн тооцоо гарсан. Нарийвчилсан ТЭЗҮ-д төслийн зөвлөх үйлчилгээний үнийн дүн 73 сая ам.доллар байхаар баталсан нь санхүүжилтийн 10 хувьтай тэнцдэг жишгийг 5.8 хувь болгож бууруулсан үзүүлэлт аж. Нарийвчилсан ТЭЗҮ нэмэх, хасах 20 хувтай хэлбэлздэг бөгөөд боловсруулах үйлдвэрийн зардлыг аль аль шатандаа бууруулахыг зорьж байгааг “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд онцолсон юм.



Шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж байсан туршлага бидэнд бий


Монгол Улс, ЗХУ-ын геологчид 1940-өөд онд Монгол Улсад газрын тосны хамтарсан хайгуулыг эхлүүлсэн түүхтэй. 1949 онд Дорноговь аймгийн Зүүнбаян, Цагаан Элс талбайд Чойбалсан I анхны цооногийг өрөмдсөнөөр Монгол Улсад газрын тосны олборлолт эхэлсэн. 1949-1969 онд жилд 490 мянган тонн газрын тос олборлож, өөрийн боловсруулах үйлдвэрт нийлүүлж А-76 болон дизель түлш үйлдвэрлэдэг байв. Харин 1969 онд ЗХУ-д газрын тосны томоохон ордууд нээгдэж, манай боловсруулах үйлдвэрт осол гарснаар үйл ажиллагаа нь бүрэн зогссон юм.


Харин 1980-аад онд манай улс Английн “Бритиш петролиум” компаниар газрын тос байх магадлалтай талбайг ялгуулсан байдаг. Ингэхдээ Монгол-ЗХУ-ын геологичдийн судалгаа болон гадаргын дээж, биохимийн судалгаа зэргийг үндэслэн газрын тос байх магадлалтай талбайг ялгажээ. 1991 онд газрын тосны 24 хайгуулын талбайг ялгаж 1993 онд Тосон уул XIX, Тамсаг XXI талбайд анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар 1998 онд анхны түүхий газрын тосыг туршилтаар БНХАУ-д экспортолсон. 1994- 2010 он хүртэл газрын тосны хайгулын ажил үргэлжилж, 2012 онд идэвхтэй олборлолт эхэлсэн юм. Монгол Улсын газрын тосны түүхийн тойм ийм. Одоо бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болж хойд хөрш ОХУ-аас бараг бүрэн хараат байдлаа халах өдөр ойртсоор байгаа нь сайшаалтай.


Холбоотой мэдээ