Завханд соёлын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-12 12:03:09

Завхан /МОНЦАМЭ/. Завханд соёлын салбарын 26 байгууллагад 240 гаруй уран бүтээлч, ажилтан ажиллаж иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал аймгийн музей 10 мянга 400 гаруй үзмэртэйгээр жилдээ 20,000 хүнд үйлчилдэг байна. Харин аймгийн Төв номын сан жилдээ 55,000 номоор 3.800 гаруй уншигчдад үйлчилдэг ажээ. Харин аймгийн Хөгжимт жүжгийн театр нь жилдээ 110 гаруй тоглолт үзвэрээр 14,000 үзэгчдэд хүрч байна. Мөн аймгийн 23 сумын соёлын төв тус бүр жилд 30 гаруй тоглолт үзвэр үйлчилгээнд 1,500-8,000 гаруй үзэгчдэд соёлын үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэйгээр хүргэн ажиллаж байна.

Спортын барилга байгууламжийн тухайд Баруун бүсийг олимпод бэлтгэх төв буюу усан бассейн бүхий спорт цогцолбор хүүхэд өсвөр үеийн бие бялдрын хүмүүжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Тухайлбал энд өдөртөө 170 гаруй хүн усан спорт, фитнес, хөдөлгөөнт дасгал, эргэлтэт дугуй, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгөөр хичээллэдэг. Ер нь аймгийн хэмжээний сургуулиудын спорт заал, сумдын нийт хүн амын бие бялдрын хүмүүжил, нийтийн биеийн тамир хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ганц төв болдгийн хувьд эрэлт өндөртэй, зарим суманд чөлөө завгүй ашиглаж байдаг. Тиймээс Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тэс, Яруу сумын ерөнхий боловсролын сургуулиудын  спорт заалыг нэн тэргүүнд шинээр барих хэрэгцээтэй байгаа хэмээн аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ