Ц.Одончимэг: 2017 оноос дуудлагын номын сангийн үйлчилгээг нэвтрүүлсэн

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-15 09:09:20
altantogos

Дундговь/МОНЦАМЭ/Өнгөрсөн есдүгээр сард орон даяар “Номын баяр” болж, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн номын сангаас энэхүү баярыг өвөрмөц байдлаар тэмдэглэсэн нь сонирхол татсан юм. Тиймээс аймгийн номын сангийн үйл ажиллагааны талаар аймгийн төв номын сангийн захирал Ц.Одончимэгтэй ярилцлаа.

-Өнгөрсөн есдүгээр сард номын баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн. Аймгийн номын сангаас энэ үеэр ямар үйл ажиллагаа явуулсан бэ, ер нь жил бүр энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байх, энэ жил уламжлалт байдлаараа зохион байгуулсан уу?

-Жил бүрийн есдүгээр сард Номын баярыг улс орон даяар тэмдэглэж ирсэн. Манайх энэ жилийн номын баяраар дундаас дээш ангийн сурагчдын дунд “Номтой ярилцья”  гээд уншсан номынхоо утга санааг илтгэх, 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Үлгэрийн баатраа хэн сайн зурах вэ?” уралдаануудыг зарлаад дүгнэсэн. Энэ бол хүүхдүүдийг нас насны онцлог, сэтгэхүйд нь тааруулж, уншсан номондоо дурлах, түүнийхээ утга санааг ойлгуулах чадвар олгох зорилготой юм. Энэ жил өмнөх жилүүдийнхээс арай өөр хэлбэрээр ийнхүү тэмдэглэлээ.

Хүүхдүүд  номын ач холбогдлын талаар “Уулзаагүй хүнтэй уулзуулж, ойлгоогүй зүйлсийг ойлгуулдаг” гэдгийг илтгэлдээ дурдаж байсан. Анх удаагаа уншсан номоо бусадтай ярилцах ийм илтгэлийн уралдаан болсон болохоор цаашид анхаармаар, сайжруулмаар зүйл байсан. Гэхдээ их амжилттай болсон шүү.

Илтгэлийн уралдаанд  10 гаруй сурагч, насанд хүрэгч зургаан хүн оролцсон. Насанд хүрэгчдийн хувьд өмнө нь хүүхэд байхдаа ном их уншиж байсан тул номоо уншаад ойлгож хүлээж авах чадвар нь хүүхдүүдийнхээс хамаагүй өөр, илтгэл нь илүү их сургамжлах өнгө аястай байсан.

Харин хүүхдүүдийн хувьд илтгэх чадвар нь мундаг байсан хэдий ч яг номынхоо утга агуулга, өөртөө шингээж авч үлдэх байдал нь дутмаг байсан. Шүүгчдийн зүгээс ч энийг анхааруулж хэлсэн. Цаашид унших хэрэгтэй, уламжлалт зан заншил, монгол түүхэн романаа уншиж байгаарай гэдгийг зөвлөсөн.

Хүүхдүүд маань ихэвчлэн интернэтээс л ном уншдаг гэдгээ хэлж байсан. Ихэвчлэн сүүлийн үед гарсан хувь хүний хөгжлийн зөвлөмж номуудыг түлхүү унших байдал өсвөр насны охид хөвгүүдийн дунд түгээмэл байдаг юм байна.

-Ном уншигчид, үйлчлүүлэгчдийнхээ тухай танилцуулахгүй юу, 90-ээд оноос өмнө хүүхдүүд ном их уншдаг, хоорондоо ном солилцдог, ярилцдаг байсан гэж ярьдаг. Түүнээс хойш хүүхдүүдийн хувьд үзэж харах, мэдээлэл авах суваг нэмэгдсэнтэй холбоотой юм уу, ном уншдаг хүүхэд цөөрлөө гэж яриад байгаа. Манай аймгийн хувьд  энэ нь ямар байдаг юм бол?

-Манай аймгийн хувьд ном унших, номын сангаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй нэмэгдэж байна. Манай номын сангаар жилдээ 20,000 уншигч тогтмол үйлчлүүлдэг болсон. Тэдний уншсан номын тоо 40, 000 гаруй гээд бодохоор үйлчлүүлэгчийн тоо бага биш. Гэхдээ нэг хүн хоёр л ном уншсан байх үзүүлэлт харагдаж байна. Цаашид иргэдийнхээ, ялангуяа хүүхэд залуучуудад номоо зөв сонгох, номондоо орж ойлгож унших, номынхоо гүн утга учрыг ухаарах, түүнээс сургамж авах, номтой харьцах тэр соёлыг түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага байна л гэж боддог.

Яахав, манай иргэд, хүүхэд залуучуудын хувьд номын сангаар үйлчлүүлж сурч л байгаа. Нэг үеэ бодвол ном бүрдүүлэлт сайн болсон. Жилдээ хоёроос гурван удаа ном бүрдүүлэлт, шинэчлэлт хийгдэж байгаа нь номын сангийн үйлчлүүлэгчдийн тоог нэмэхэд нөлөөлж байгаа байх. Тэгээд орчин нөхцөлийг сайжруулж, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллаж байна. 

-2019 онд аймгийн номын сан бүх номынхоо бүртгэлийг цахимжуулж “Үүлэн технологи”-ийг нэвтрүүлсэн. Энэ технологийг нэвтрүүлсэний ач холбогдол юу байна, иргэд энэ үйлчилгээг яаж авах вэ? 

-Энэ жил манай номын сан орчин үеийн үүлэн технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлсэн. Цахим орчинд https://lib4u.net сайтаар ороод “Дундговь” гээд сонгохоор манай номын санд байгаа номын бүх бүртгэл гарч ирдэг.

Үйлчлүүлэгчийн хайсан ном аль танхимд нь байна, уншлаганд гараад явчихсан байна уу, үгүй юү гэдгийг харах бүрэн боломжтой гэсэн үг. Эндээс өөрийнхөө уншихыг хүссэн номоо аваад уншиж болно. Бид гэрээр номоо олгодог, дуудлагаар үйлчилдэг. Энд ирээд ажлын цагаар сууж, ном уншиж болно. Энэ мэтчилэн иргэддээ аль болох хөнгөн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх гэж манай хамт олон зорьж байгаа.

-Гэрээр ном олгож, дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг гэлээ. Уншигчидаа татахын тулд өөр ямар үйлчилгээ үзүүлж байна вэ? Номын сангийн үйлчилгээнийхээ талаар тодруулж ярьж өгнө үү.  

-Гэрээр номыг олгохдоо өдрийн 100 төгрөгөөр олгодог. Номын сан дээр ирээд номоо аваад гэрээрээ унших боломжтой гэсэн үг. Мөн 2017 оноос дуудлагын номын сангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Манай дуудлагын утас (7059-3786)-аар холбогдоод номоо захиалахаар бид хүргэж өгдөг. Өнөөгийн энэ нийгэмд хүмүүс их завгүй ажиллаж, амьдарч байна шүү дээ. Тиймээс цаашдаа энэ үйлчилгээ илүү хөгжих байх гэж боддог юм.

Мөн зөөврийн номын сангийн үйлчилгээг хэрэгжүүлдэг. Энэ үйлчилгээ маань БСШУСЯ-ны шийдвэрээр алслагдсан сум, баг, дүүргийн иргэдэд үйлчлэх зорилготой. Энэ ажил тогтмолжиж байгаа. Манай хамт олон улирал бүр аймгийнхаа бүх сумыг тойрдог.

Зөөврийн номын сангийн үйлчилгээний хүрээнд ном солилцооны үйлчилгээг бас хэрэгжүүлж байгаа. Сум болгонд л  номын сан байгаа, номын санч ажилладаг. Тухайн номын санд уншигчийн уншихыг хүссэн ном байхгүй бол ном солилцоогоор номоо үлдээгээд явдаг.

Зөөврийн номын сангийн нэг хэлбэр гэх юм уу даа, байгууллагуудаар явж, номын санд ирсэн шинэ номуудаа танилцуулж, ном олгох үйлчилгээг мөн үзүүлдэг. Энэ нь ажил албатай, ажлын цагаар манайд ирж үйлчлүүлэх цаг зав багатай иргэдэд боломж олгох зорилготой юм.

Хүнд ном унших хэрэгцээ байгаа л бол бид тэр хүн бүрт л хүрч үйлчлэх ёстой. Тиймээс номоор дамжин хүнд хүрэх тэр оюун билгийг түүчээлэх үүргээ манай хамт олон биелүүлэхийн төлөө чармайн ажилладаг.

-Танай номын сан фондондоо хэдэн номтой вэ, фондоо хэрхэн шинэчилж, сайжруулж явдаг вэ?

-Номын сан фондондоо 50,000 гаруй номтой. Түүнээс 8000 гаруй ном нь орос, англи хэл дээр байдаг. Манай гадаад номын фондны дийлэнхийг орос ном эзэлдэг.

Цаашдаа япон, солонгос хэл дээрх номуудыг цахим хэлбэрээр бий болгох гээд ажлаа эхлээд явж байна.

-Танай байгууллага соёлын өв, оюуны бүтээлийг цуглуулан баяжуулж, хадгалж хамгаалах нээлттэй хүртээмжтэй мэдээллээр үйлчилж, хойч үе хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээх зорилготой юм байна. Тиймээс соёлын өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ?

-Энэ жил сар шинийн баярын үеэр монгол уламжлалт ёс заншил,  тоглоом, наадгайг сурталчилан хэрэглээ болгох зорилгоор ЕБС-уудын дунд тэмцээн зохион байгуулсан. Энэ ажлаа цаашид үргэлжлүүлэх бодолтой байна.

Номын сан хөмрөгтөө соёлын өв, оюуны бүтээлийг түлхүү цуглуулж, түүнийгээ сурталчилан таниулж, хөгжүүлж ажиллахад анхаарна.

Үндэсний монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр монгол бичгээр бичсэн ном, сонин сэтгүүлийг цуглуулан баяжуулж байна. “Хүмүүн бичиг” сониныг тогтмол захиалж, уншигчдынхаа хүртээл болгож байгаа.

Мөн монгол хэл судлаач нэг хүнийг ажилуулж байна. Энэ хүн маань үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, номын сангийн уншигч хүүхдүүдэд давтлага, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

-С.Буяннэмэхийн нэрэмжит номын сан маань сургуулиудын номын сантай хэрхэн, яаж хамтарч ажилладаг вэ?

-Манай байгууллага ер нь сургууль, сумдын нийтийн номын сан, номын санчдыг арга зүйгээр хангаж ажилладаг. Энэ бол манай нэг үүрэг, чиглэл байгаа. Жил бүр номын санчдыг чадваржуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг.

2016-2020 оны аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сургуулиудын номын санг цахимжуулах үйл ажиллагаа орсон. Тиймээс энэ ажлыг хийж байна. Манай аймаг 19 сургуультай. Түүнээс цөөвтөр номтой сургуулиуд цахимжуулаад дууссан. Гурвансайхан, Сайхан-Овоо гэх мэт олон номтой сумдуудын хувьд энэ ажил  60 хувьтай явж байна.

2020 он гэхэд сургуулиуд маань цахим номын сантай болчихно гэсэн үг. Энэ нь ном алдагдахаас сэргийлэх, уншигчид цаг заваа  зохицуулаад боломжтой үедээ хэзээ ч байсан номоо уншаад байх боломжийг бүрдүүлж байгаагаараа давуу талтай.

Одоо цахим орчинд ном уншиж, мэдээлэл авах сонирхол нийгэмд давамгайлж байна шүү дээ. Тиймээс энэ хэрэгцээнд нь тулгуурлаад бид ч бас тийм үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.

-Олон сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?

-Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Ном уншсанаараа хүний оюун ухааныг тэлж, хөгжүүлж, амьдралын болон нийгэм соёлын олон зүйлийг таниулж байдаг ачтай, буянтай гэгээнтэн гэж болно. Хэдийгээр мэдээллийн технологи хөгжсөн ч гэсэн хүүхэд багачууд минь ном унших соёлд суралцах хэрэгтэй юм. Тиймээс манай номын сангаар ирж үйлчлүүлээрэй. Уншихыг хүссэн номоо дуудлагаар захиалаад уншаарай, та бүхэнд үлгэр болох, сургамж авах, ухаан сэтгэхүйг тань хөгжүүлэх, гэгээрүүлэх хүч чадал номонд оршин байгаа. Тиймээс номонд дурлаарай, хайрлаарай гэж хэлье.

 


Холбоотой мэдээ