Кенийн тамирчин дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-10-14 14:37:18

ВАШИНГТОН. /CNN/. Кенийн тамирчин Бригид Косгей эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эвдэж, нэг гаруй минутаар шинэчлэн тогтоосон байна.


Өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан Чикагогийн марафон тэмцээний үеэр Б.Косгей 2 цаг, 14 минут, 4 секундэд барианд ирснээр Их Британийн тамирчин Паула Рэдклиффийн 2003 онд тогтоосон амжилтыг эвджээ.


Тэмцээний хоёрдугаар байрт Этиопын тамирчин Абебель Йешанех шалгарсан бөгөөд тэрбээр Б.Косгейгээс 7 минутын дараа барианд оржээ. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд мөн Кенийн тамирчин Лоуренс Чероно түрүүлсэн байна.



Чикагогийн 42 дахь удаагийн марафон гүйлтийн тэмцээнд 45 мянга гаруй хүн оролцсоны дунд Кенийн 23 тамирчин байжээ. Тэмцээний ялагчид тус тус 100 мянган ам.долларын эзэн болсон бөгөөд дээд амжилт тогтоосон Б.Косгейд 75 мянган ам.долларыг нэмж олгожээ.


Энэхүү тэмцээнээс нэг хоногийн өмнө Австрийн Вена хотноо болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр Кенийн тамирчин Элиуд Кипчоге 42 гаруй километр замыг 1 цаг, 59 минут, 40 секундэд туулсан бөгөөд тэрбээр марафон гүйлтийн замыг 2 цагийн дотор туулсан анхны тамирчин болжээ. 




Холбоотой мэдээ