Цэцэрлэг, сургуулийн зуухыг хийн халаалтаар сольж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-10-16 13:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлыг шат дараатай хийж байна.

Үүний нэг нь агаарын чанарыг сайжруулах буюу утаа ихтэй бүсэд байрлаж буй нийт 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгааны болон газрын гүний дулаан, мөн хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байна.

Жишээ нь, нийслэлийн 129, 214, 139, 221-р сургууль, цэцэрлэгийн цогцолборын нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр “Газком” ХХК шалгарч, Япон улсын олон улсын стандартад нийцсэн, чанартай техник технологи нийлүүлэгч “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулан өчигдөр хүлээлгэн өглөө.

Суурилуулсан хийн тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг “Газком” ХХК жилийн турш бүрэн хариуцан ажиллах бөгөөд БОАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтэс технологийн үйл ажиллагааг хянан ажиллахаар боллоо. Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн халаалтаа эко байдлаар шийдэж буй нийслэлийн СХД-ийн 11-р хорооны 129-р сургууль болон 214-р цэцэрлэгийн цогцолбор нь нийт 2.420 ам м талбайтай, жилд 400 орчим тонн түүхий нүүрсээр галладаг байжээ.


Тус сургууль, цэцэрлэгт нийт 580 хүүхэд 61 багш, ажилчидтай. Уг цогцолборын халаалтыг хийн халаалтын зуухаар шийдсэнээр 120 тонн орчим үнс, 1144 тонн орчим нүүрстөрөгчийн хийг бууруулахаас гадна сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд ая тухтай дулаан орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.


Цаашид “Газком” ХХК  4 цэцэрлэг, сургуулийн халаалтыг хийн халаалтын аргаар шийдвэрлэж буй бөгөөд Япон улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийг мэргэжлийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж буйгаараа онцлог юм.

Төр, засгаас агаарын бохирдолтой тэмцэх ажлыг үе шаттай, уялдаа холбоотой хийж байгаагийн нэг жишээ нь дээрх ажил болж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэх нь хангалтгүй бөгөөд олон төрлийн ажлыг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж буйн бас нэг жишээ нь халаалтыг хийн буюу газын аргаар шийдвэрлэж буй явдал юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ